Ганчимэгийн Үүрийнтуяа 31 настай эмэгтэй тавдугаар сарын 26-ны өдөр /2021.05.26/ өглөө СХД-ийн 31-р хороо Хангайн ... тоот дахь гэрээсээ ажилдаа явахаар гарсан ч одоог болтол сураггүй алга болоод байна. Энэ талаар бид түүний авга ахтай нь холбогдож тодрууллаа.
-Дүү тань алга болоод 13 хонолоо. Нааштай сураг байна уу?
-Сураггүй алга болоод 13 хонож байна. Тавдугаар сарын 26-ны өглөө ажилдаа явахаар гарсан ч очоогүй байсан.
-Гэрээсээ гарахдаа ямар нэгэн зүйл хэлсэн үү. Ажлынхан нь юу гэх юм?
-Үгүй ээ. Өглөө бүр л ажилдаа явахаар гардаг. Тэди төвийн ойролцоох цайны газар ажилладаг байсан юм. Би дүүгээсээ тусдаа амьдардаг. Ажлаа хийж байгаа байх гэж бодож байтал алга болсноос нь хойш хоёр хоногийн дараа над руу захирал нь залгаад "Дүү тань ажилдаа ирэхгүй байна" гэсэн. Урьд нь ингэж ажлаа тасалж үзээгүй учраас "Нэг л биш боллоо" гэж бодоод цагдаагийн газарт мэдэгдсэн.
-Гэртээ хэнтэйгээ амьдардаг байсан бэ. Найз нөхдөөс нь асууж, сураглаж үзсэн байх. Тийм үү?
-Найз залуугүй. Найз, нөхөд гэвэл ажлынхан нь байгаа. Өөр сайн мэдэхгүй. Бүгд л санаа зовж байна. Гэртээ төрсөн ах, эгчтэйгээ л амьдардаг юм. Аав, ээжгүй хүүхэд. Маш их санаа зовж байна.
-Ямар нэгэн хууч өвчтэй байсан уу?
-Үгүй. Ямар нэг өвчин зовиургүй хүүхэд. Эм ч хэрэглэдэггүй. Зан аашны хувьд уурлахаараа жаахан хэцүү. Түүнээс өөр ноцтой асуудал үгүй.
-Урьд нь ингэж алга болж байсан уу. Магадгүй гэр бүлийн асуудал байсан байж болох уу?
-Үгүй ээ. Ер нь орж, гарахдаа хаашаа явж хэнтэй уулзахаа хэлдэг байсан. Тэгж муудалцах шалтаг, шалтгаан ч үгүй.
-Цагдаагийн газраас та бүхэнтэй холбогдож эрэн хайх явцын талаар мэдээлэл хэлсэн үү?
-Огт үгүй. Сураггүй шүү. Хамгийн сүүлд өргөдөл өгөөд түүнээс хойш нэг ч удаа холбогдоогүй. Утас нь унтарсан учир хайхад хүндрэлтэй байна гэсэн. Бид нар өөрсдөө ч байж болох бүхий л газарт эрэн хайж байна.
Уншигч та энэ хүнийг харсан бол 89018777 дугаарт холбогдоно уу.