Ардчилсан нам /АН/-ын Санхүүгийн албаны ерөнхий нягтлан бодогч н.Тамир өнгөрөгч шөнө Эрүүгийн цагдаагийн газраас баривчилсан талаар бид мэдээлсэн. Харин тус нягтан бодогч нь н.Тамир биш н.Нарантуяа гэгч юм байна.
Энэ талаар бид зарим эх сурвалжаас тодруулахад, “Энэ сарын 07-ны өдрөөс тасалбар болгож, АН-ын дансыг хаажээ. Харин энэ хугацаанд зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудад гэрээгээр хүлээсэн “сонгуулийн сурталчилгаа”-ны төлбөрийг тус намаас төлж амжаагүй байж. Иймд орон нутгийн телевизүүдэд зарим төлбөрийг нь шилжүүлэхээр АН-ын Санхүүгийн албаны нягтлан н.Нарантуяа цөөн тооны бэлэн мөнгийг, гэрийнхээ ойролцоох Хан-Уул дүүрэгт байрлах АТМ-ээр дамжуулж шилжүүлэхээр, кабинд зогсож байхад нь цагдаагийн алба хаагчид, түүнийг баривчилж Эрүүгийн цагдаагийн газар /ЭЦГ/-т авчирсан байна.
Товчхондоо, сонгуулийн данс хаагдсан ч, гүйцэтгэлээр ямар нэг гэрээт байгууллагын гүйлгээг хийж болдог байна. Харин хамгийн ноцтой нь, хууль хяналтын байгууллагын алба хаагчид түүний цаг тутам дагаж байсан байж болзошгүй байгаа аж. Ямартай ч тус асуудал дээр холбогдох төрийн байгууллагууд ажиллаж байна” гэлээ.
ЖИЧ: Бид тус мэдээллийг анх нийтлэхдээ АН-ын Санхүүгийн албаны ерөнхий нягтлан бодогч н.Тамирыг баривчилсан гэж андуурч нийтэлсэндээ уншигчдаасаа хүлцэл өчиж байна.