Төрсөн аавынхаа бэлгийн дарамтад 11 жил байсан эгч, дүүсийн хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байна

Төрсөн аавынхаа бэлгийн дарамтад 11 жил байсан эгч, дүүсийн хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байна

Өнгөрсөн гуравдугаар сар ... өдрийн шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 22-ын товчооны ойролцоо хоёр охин бусдад зодуулсан байдалтай гүйж явжээ. Тэдэнтэй хоёр залуу таарч машиндаа суулган “Хүүхдийн тусламжийн 108” утсанд дуудлага өгч улмаар хамгаалах байранд аваачсан байдаг.

Охид эгч, дүүс болохоо хамгаалах байрны ажилчдад мэдэгдээд “Би юу ч ярьж чадахгүй нь. Тиймээс захиа бичээд өгье” гэж хэлээд захиандаа өөрсдөд нь тохиолдсон бүх үйл явдлын талаар дэлгэрэнгүй бичин “Аав биднийг бэлгийн хүчирхийлэлд байлгадгийн зэрэгцээ архи ууж зодож, нүддэг байсан” гэжээ.

Охид 10 болон 15 настай. Хамгийн ноцтой нь тэд зургаан настайгаасаа хойш аавынхаа бэлгийн дарамтад байсан байж болзошгүй байгаа аж.

Одоо уг хэргийг ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газарт шалгаж буй бөгөөд холбогдох бүхий л байгууллагууд анхаарал хандуулан ажиллаж байна.. Бид уг мэдээллийн мөрөөр холбогдох албаныханаас зарим мэдээллийг цуглуулсан юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хамгаалах байранд очсоны дараа охидын ээжийнх нь ах, дүүс болон бусад хамаатнууд энэ талаар мэдэж төрсөн эцгийг нь хуулийн байгууллагад шалгуулах ажилд идэвхийлэн оролцсон байна. Цаашлаад охидын ээж энэ тухай мэдсэн ч нуун дарагдуулдаг байсан байж болзошгүй байгаа аж. Гэхдээ охидын ээж хөгжлийн бэрхшээлтэй нэгэн гэх бөгөөд нөхөр нь хүүхдүүдээ дарамтад байлгадаг байсныг мэдсэн ч яаж ч чадаагүй байх магадлалтай байгаа юм.

-НАГАЦ АХ: ИЙМ БУСАРМАГ ҮЙЛДЭЛ ХИЙЖ
БАЙСНЫГ НЬ МЭДЭЭГҮЙ-

Эгч, дүүсийн нагац ах хэлэхдээ “Ер нь охидын аав архи дарс уухаараа зодож нүдэж, дарамталдаг байсан. Гадна талаас нь харахад эрх таваа эдэлцэн нөхөр байдаг. Гэхдээ ийм бусармаг үйлдэл хийж байсныг огт мэдээгүй. Энэ хугацаанд хорооны нийгмийн ажилтан болон хэсгийн ахлагч нэг ч удаа ирж асууж байгаагүй. Уг нь хороодынхоо хүүхдүүдийг шалгаж холбоотой байх ёстой шүү дээ. Архи уугаад агсан тавихаар нь цагдаад дуудлага өгдөг. Тэр үед “Олон нийтийн газарт дэг журам зөрчөөгүй юм чинь яахав дээ” гээд цагдаа нар нь тоохгүй явчихдаг. Хүүхдүүдийн тухайд тогтмол хичээл сургуульдаа явдаг. Зан аашны хувьд өөрчлөлт байгаагүй ч 17 настай охин нь ер нь бие муутай” гэсэн юм. Нагац ахын ярианаас дүгнэвэл охидын аав архи уухаараа мөн зодож дарамтад оруулан эрхшээлдээ оруулдаг байсан байх магадлалтай байна.

-МЭРГЭЖИЛТЭН: ОХИД ОДОО АЮУЛГҮЙ ГАЗАРТ БИЙ-

Охид одоо аюулгүй орчинд байгаа эсэхийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Хүүхдийн байцаагч н.Ундармаагаас тодруулахад Охид аюулгүй газарт байгаа. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин сэжигтэн аавыг нь шалгах үйл явц хэрхэн үргэлжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хүүхэдтэй холбоотой хэрэг учир мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх шинжилгээний байгууллагын дэлгэрэнгүй дүгнэлт гарах хүртэл аавыг нь хорихгүй гээд хориогүй байх магадлалтай гэв.

Мөн охидын эцэг, эх 22-ы товчоонд айлын мал, малладаг байсан. Тэгэхээр тэнд хүчирхийлэлд охидыг байлгасан байж болзошгүй байгаа юм. Охидын амьдардаг байсан СХД 21-р хороо нь хотоос зайдуу, айлууд нь тархмал байдалтай байдаг. Иймд хорооны ажилчид иргэн бүрд хүрч ажиллаж чадахгүй, хүрэлцэхгүй  байдаг бэрхшээл байдаг аж. Бид тус хорооны нийгмийн ажилтантай өнөөдөр холбогдож уг хэргийн талаар тодруулга авах болно.

-БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ОРУУЛСАН БОЛ 12-20 ЖИЛИЙН ЯЛААР ШИЙТГЭНЭ -

Арван хоёрдугаар бүлэг хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг:

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

  1. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг: 2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж; /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 2.2.бүлэглэж; 2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж; 2.4.хохирогчийг жирэмсэн болгож; 2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж; 2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж; 2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн; 2.8.харгис хэрцгий аргаар; 2.9.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж; /Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  4. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн нөхцөл байдлыг задалбал, хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны хүчирхийлэлд, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлага, сэрдэлтэд өртсөн байна. Үүнээс 45.4 хувь нь гэр бүлийн орчноос хамааралтай гэж хариулжээ.  Мөн 2014 оны судалгаагаар ураг төрлийн хүүхдийн хүчирхийлэл ихсэж байгаа судалгаа гарсан.