Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Үр дүн ирэх долоо хоногийн лхагва гаригт /2021.06.09/ гарна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ.
Тэгвэл боловсрол өндөр, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг гэгдэх Д.Энхбат үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг хандсан байж болзошгүй байна.
Тодруулбал, нэр дэвшигч Д.Энхбат өнгөрсөн сарын 31-ны өдөр /2021.05.31/ өөрийн цахим хуудаснаа "Сүхбаатар аймгийн уулзалт хойшлогдлоо. Иргэд сонгогчидтой уулзахын өмнөх өдөр аймгийн Ус цаг уурын газраас цаг агаарт зориудаар нөлөөлөн бороо оруулсан тул Баруун-Уртад буух боломжгүй болж товлосон уулзалт хойшлогдлоо" гэж мэдэгдсэн.
Түүний энэхүү мэдэгдлийг www.news.mn сайтын сэтгүүлч Ж.Нямсүрэн мэдээлжээ.
Гэтэл сэтгүүлчийг нэр төрд халдсан гэх үндэслэлээр цагдаад шалгуулахаар өгсөн байна. Харин Үндсэн хуулийн 16.16, 16.17-д зааснаар иргэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй юм. Мөн Үндсэн хуулийн дээрх заалтыг Эрүүгийн хуулийн 14.2, 14.3 заалтаар хамгаалдаг юм.