2020 оны арваннэгдүгээр сард “Энхсаран” гэх сувилалд тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрснээр манай улс халдварыг анх дотооддоо алдсан байж болзошгүй гэдэг.
Харин тус сувиллын газарт халдвар, хамгааллын дэглэм алдагдаж, коронавирус тархах нөхцөл бүрдсэн гэсэн шүүмжийг иргэд цахим орчинд өрнүүлсөн бөгөөд тухайн үед “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбат тус сувиллын газрын эрүүл, ахуй халдвар хамгаалалтын дэглэмийн талааролон нийтийн сүлжээнд мэдээлсэн юм. Тухайлбал, Д.Мөнхбат өөрийн цахим хуудастаа "БНСУ-аас коронавирусийн халдваргүй ирсэн ч “Энхсаран” сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан. Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдөж халдвар тархсан байх магадлалтай гэж байв.
Харин түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сард ХӨСҮТ-д эмчлэгдэж гараад удаагүй байтал Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас дуудаж, тайлбар мэдүүлэг авсан байгаа юм. Ингээд түүнийг Эрүүгийн хуулийн 15.6.1-ээр яллагдагчаар татсан талаар тэрээр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
Мөн энэ талаараа иргэн Д.Мөнхбат, “Би эх орондоо эрүүл ирээд, “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдаад, 22 дахь хоног дээрээ халдвар илэрсэн. Тухайн үед тусгаарлах хугацаа 21 хоног байсан болохоор би 22 дахь хоногтоо “Энхсаран” сувиллын хонгилд гарч шууд дамжуулалт хийсэн юм. Энэ нь иргэдийг турхирч, үймүүлж, бусдад халдвар тархах эрсдэл үүсгэсэн гэж байгаа юм билээ. Миний эсрэг мэдүүлэг гаргасан хүмүүс нь Эрүүл мэндийн салбарыг гутаан доромжилсон гэж үзэж байгаа гэсэн. Тухайлбал, “Энхсаран” сувиллын удирдлага, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа зэрэг хүмүүс мэдүүлэг өгсөн байна лээ” гэж байв.
Тэгвэл нийгэмд “шүгэл үлээсэн” иргэн Д.Мөнхбатад Хан-Уул дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүх хурал маргааш /2021.06.02/ өдөр болох бололтой. Тэрээр энэ талаар өөрийн твиттер хуудастаа “Хан-Уул дүүргийн прокуророос холбогдлоо. Эрүүгийн хэргийн яллах дүгнэлт гардуулж өглөө. Эрүүгийн хэрэг шүүх рүү шилжлээ. Нөгөөдөр нөгөө хэргийн буюу зөрчлийн хэргийн шүүх хурал болно” хэмээжээ.
Хан-Уул дүүргийн прокуророос холбогдлоо. Эрүүгийн хэргийн яллах дүгнэлт гардуулж өглөө. Эрүүгийн хэрэг шүүх рүү шилжлээ. Нөгөөдөр нөгөө хэргийн буюу зөрчлийн хэргийн шүүх хурал болно.
— Иргэн Мөнхбат/ Citizen Munkhbat (@CitizenMunkhbat) May 31, 2021
Мөн түүнд өмгөөлөгч Б.Мэргэн хууль зүйн туслалцаа үзүүлэхээр болсон бололтой. Учир нь тэрээр “Энхсарангийн асуудлаар яллагдагчаар татагдсан хэрэг шүүхэд шилжих гэж байна. Энэ жилийн 5 дахь пробоно. Үнэгүй өмгөөллөө зарлаад байя гэдэггүй ч чи зөвхөн томчуудыг өмгөөлж мөнгөний араас л явдаг гээд байдаг хүмүүст хааяа хариу барьж байхгүй бол гэж бодлоо” гэж мэдэгдсэн байна.
Энхсарангийн асуудлаар яллагдагчаар татагдсан хэрэг шүүхэд шилжих гэж байна. Энэ жилийн 5 дахь пробоно. Үнэгүй өмгөөллөө зарлаад байя гэдэггүй ч чи зөвхөн томчуудыг өмгөөлж мөнгөний араас л явдаг гээд байдаг хүмүүст хааяа хариу барьж байхгүй бол гэж бодлоо.
— Mergen (@MergenB) May 31, 2021