Монголын гурван боксчин Ази тивийн аваргын төлөө тулалдана

Монголын гурван боксчин Ази тивийн аваргын төлөө тулалдана

АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны 5 дугаар сарын 21-31-нд болж байгаа Ази тивийн сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй Монголын баг тамирчдаас гурван боксчин Ази тивийн аваргын төлөө тулалдана.

Ази тивийн аваргын төлөөх хагас шигшээ тулаан өчигдөр болж, манай 5 тамирчин хүчээ сорилоо. Тодруулбал, энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга Э.Цэндбаатар, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг нар Узбекистаны тамирчдыг ялсан бол 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар Киргизийн тамирчинг ялж алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Харин энэ өдөр 69 кг-д ОУХМ Б.Мишээлт Казахстанд, 49 кг-д ОУХМ О.Өнөболд Узбекистаны тамирчинд тус тус хожигджээ.