Ц.Анандбазарыг цагдаагийн байгууллагаас дуудсан ч, тэрээр очихгүй байгаа гэв

Ц.Анандбазарыг цагдаагийн байгууллагаас дуудсан ч, тэрээр очихгүй байгаа гэв

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудалд холбогдсон. Тиймээс түүнийг шалгуулахаар "Ме Too" хөдөлгөөн болон иргэн Б.Сүндэръяа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Мөн УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах асуудлыг хөндөж хариуцлагыг нэхэх үйл ажиллагаа энэ өдрүүдэд ч үргэлжилж байна.

-ТЭРБЭЭР НЭГ Ч УДАА МЭДҮҮЛЭГ ӨГӨӨГҮЙ БАЙНА ГЭВ-

Дээрхээс гадна сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар "Ц.Анандбазарын үйлдсэн хүчирхийллийн хэрэг" нэртэй цуврал нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн бөгөөд энэ дагуу цагдаагийн газраас нэвтрүүлэгт гарсан үйл явдлыг шалгаж буй юм. Гомдлын дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд гэрч болон хохирогч нараас мэдүүлэг авч эхэлсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Хэрэг бүртгэлтийн явцад Улсын ерөнхий прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн бөгөөд тэрбээр нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа гэх мэдээлэл байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр цагдаагийн байгууллаас дуудсан цагт очихгүй байгаа нөхцөл байдал илэрсэн байж болзошгүй байгаа аж. Тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд ийнхүү хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхгүй байгаа бололтой. Мэдүүлэг өгөөгүй тохиолдолд түүнийг гэрчийн статустай гэж үзэх юм. Хэрвээ мэдүүлэг авбал холбогдогч болох эсвэл нөхцөл байдал өөрөөр эргэх магадлалтай.

Тус хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хуулийн 12-д заасны дагуу хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамруулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. Мөн ХЭҮК болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарын зүгээс Ц.Анандбазарын ёс зүйн асуудлыг парламентын түвшинд хэлэлцэх чиглэл, зөвлөмж өгсөн билээ. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүний ахалдаг байнгын хороо Ц.Анандбазарын гэм буруутай нь хуулийн байгууллагаар тогтоогдоогүй хэмээх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаад байгаа юм. Хэрвээ түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлбөл жирийн иргэдийн адил хуулийн байгууллагад шалгуулах нөхцөл үүсэх юм.