Нөхрийнхөө хоолонд “зүү” хийж хороохыг завдсан эмэгтэйд 2,6 жилийн хорих ял оноожээ

Нөхрийнхөө хоолонд “зүү” хийж хороохыг завдсан эмэгтэйд 2,6 жилийн хорих ял оноожээ

Увс аймгийн Сагил сумын ... багт оршин суудаг иргэн А-г гэртээ байхад нь түүний эхнэр М нь “түүний хоолонд найман ширхэг зүү” хийж хорлохыг завдсан гэх гомдол мэдээлэл тус аймгийн цагдаагийн газарт өнгөрөгч нэгдүгээр сарын 24 /2021.01.24/-ны өдөр ирсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тодруулбал, энэхүү хэрэгт холбогдоод байгаа М нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэн нөхөртөө дургүй болсон учраас А-аас салахын тулд, түүний амь насыг хороох зорилгоор “түүний хоолонд нь зүү хийсэн” байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байсан гэдэг. Тус хосууд гэр бүл болоод 3 орчим жил болж байгаа бөгөөд нөхөр болох А нь 1986 онд төрсөн, эхнэр болох М-ээсээ таван насаар ах нэгэн байдаг.

Тэгвэл Увс аймгийн прокурорын байгууллагаас А-ын эхнэр М-д Эрүүгийн хуулийн 10.1-1 д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар анхан шатны шүүх хурал өнгөрөгч долоо хоногт болж М-д “Хүний амь насыг хөнөөхийг завдсан гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хорих ял оноосон” талаар албаны эх сурвалж мэдээллээ.