Сүүлийн хэд хоногт /2021.05.17-21/-т хүний буруутай үйл ажиллагаанаас болж таван ч иргэн усанд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тухайлбал, өнгөрөгч Мягмар гараг /2021.05.18/-т 5 настай М хүүг ээж нь голын эрэгт дагуулан ирээд, архидан согтуурч байхад нь хүү усанд живж амиа алдсан хэрэг гарсан. Мөн өнгөрөгч Пүрэв гараг /2021.05.20/-т дөрвөн зорчигчтой иргэн Б-ын жолоодож явсан автомашин Орхон голыг гаталж явахдаа живж гурван иргэн амиа алдсан хэрэг гарлаа.
Тэгвэл уржигдар /2021.05.20/ өдрийн 13:29 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, хуучин “Загас үржүүлэг”-ийн газарт байх 8 метр гүн тогтоол усанд хүн живсэн дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Иймд бид хэрэг явдал юунаас болж гарсныг тодруулж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэхийн тулд хэргийн газрыг зорилоо.
-БИДНИЙГ ХЭРГИЙН ГАЗАРТ ОЧИХОД ГОЛЫН ЭРЭГ РҮҮ ОРДОГ
АВТОМАШИНЫ ЗАМУУДЫГ ХААЖ БАЙВ-
Биднийг очиход Налайх руу явдаг зам дагуу байрлах Баянзүрхийн гүүрнээс Туул гол руу ордог шороон зам, далангийн намхан хэсгүүдийг шороо асган өндөрлөж, хааж байлаа. Ийнхүү хаасан болоод ч тэр үү голын эрэг дээрх иргэдийн бөөгнөрөл, хөдөлгөөн харьцангуй бага байсан ч голын эрэг рүү орох гэж улайран автомашинаа замын хажууд тавиад, хаагуур орж болох талаар харж байгаа хүмүүс олон байсан юм.
Ингээд бид “Баянзүрхийн гүүр”-ийн засвар үйлчилгээний ажилчдаас тодруулахад, “Саяхан автомашинтай цагдаа нар ирээд энэ хэсэгт өчигдөр нэг хүн усанд живж амиа алдсан байна. Иймд энэ хавийг хаах хэрэгтэй байна. Танайх гүүрний ажлаа түр зогсоогоод, голын эрэг рүү ордог автомашины замыг “хаа” гэж хэлээд явлаа. Архидаж байгаад л живсэн бололтой сайн мэдэхгүй л байна. Хэргийн газрын үзлэг явагдаж байгаа гээд ажил тасалдуулаад хэцүү л байна” гэсэн юм.
Ингээд манай сурвалжлах баг цааш явж, хэргийн газарт очиход “Аюултай, Голын усанд орохын хориглоно, усны гүн 8м” гэх хоёр ч тэмдэг угтсан юм. Мөн эргэн тойронд архи, пиво, ахуйн хог хаягдал дүүрэн байв. Мөн энэ газар руу орох, гарах хэсгийг хэрэг гарсан даруйд нь хааж эхэлсэн гэх боловч иргэд автомашинтайгаа аль хэдийн ирж, архидан согтуурч байгаатай ч бид таарсан юм. Мөн энэ үеэр эргүүлийн цагдаа нар ойр хавийн голын эрэг дээрх хүмүүсийг явахыг шаардаж, замыг хааж байгааг мэдэгдэхэд “гаргаж л таарна” гэх тэдний хайхрамжгүй яриа ч бидэнд сонсогдож байв.
-ИРГЭН А ТОГТООЛ УСНЫ ГҮНИЙГ МЭДЭЛГҮЙ, ХУВЦСАА БАРЬЖ ГАТЛАХ ГЭЖ
БАЙГААД АМИА АЛДСАН УУ-
Хэргийн тухайд гэвэл, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Загас үржүүлэг”-ийн тогтоол нууранд хүн живсэн байна гэх дуудлагыг өнгөрөгч Пүрэв гарагийн өдрийн 13:29 цагт Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Ингээд нийслэлийн Аврах анги-105 ын алба хаагчид 15 км замыг туулан 13:55 цагт хэргийн газарт очиж, “Загас үржүүлэг”-ийн тогтоол нуурын 5 метрийн гүнээс Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны харьяат эрэгтэй 33 настай иргэн А-ын цогцсыг гаргаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байгаа юм.
Харин албан бус эх сурвалж, “Талийгаач А нь хэрэг гарах үед тэрхүү нуурыг гатлах гэж хувцсаа барьж яваад ийнхүү осолдсон байна” гэсэн мэдээллийн бидэнд өгсөн юм. Мөн энэ тогтоол усанд 2020 онд л гэхэд гурваас дөрвөн хүүхэд живсэн хэрэг гарч байсан. Иймд тогтоол усны хажууд “анхааруулах тэмдэг” тавьсаар байтал дахиад хүн ороод осолдчихлоо гэсэн юм.
Энэхүү хэрэг явдал нь манай ихэнх иргэд усанд сэлэх чадвар муу, мөн сонор сэрэмж сул байгааг илтгэж байгаа юм. Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, ирж болзошгүй аюулаас өөрийгөө болон ойр тойрны хүмүүстээ сэрэмжлүүлж байхыг анхааруулах үүндээс энэхүү мэдээллийг нийтэллээ.