Монголчуудын хамгийн ихээр ажиллаж амьдардаг улсын нэг бол БНСУ/Өмнөд Солонгос/. Тэр хэмжээгээрээ манай улсын иргэд тус улсад гэмт хэрэгт холбогдох тохиолдол ч цөөнгүй гарч байна.
Өнгөрсөн мягмар гарагт /2021.05.18/ гэхэд 20 гаруй настай Монгол Улсын иргэн найзыгаа унтаж байхад нь нүцгэн зургийг нь авч, дараа нь сүрдүүлэн мөнгө нэхсэн хэргээр саатуулагдсан талаар бид мэдээлж байв. Тэгвэл саяхан дахин нэг Монголын иргэн тус улсад гэмт хэрэгт холбогдож, тэнсэн харгалзах ял авчээ.
Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр 30 гаруй настай Монгол Улсын иргэн А-д холбогдох шүүх хурал БНСУ-ын Чонжу дүүргийн Эрүүгийн шүүх танхимд болжээ. Түүнийг “бусдад ажил хөдөлмөр эрхлэхэд нь саад учруулсан, хүүхэд хүчирхийлсэн, олон нийтийн ажилд саад болсон” гэсэн үндэслэлээр шүүж, хоёр жилийн хорих ял оноосон ч урьд өмнө нь ял эдэлж байгаагүйг нь харгалзан тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.
Хэргийг тодруулбал, иргэн А өнгөрсөн наймдугаар сард Кёнгиду мужийн Ансан хотод байрлах шүдний эмнэлэгт имплант/ясанд титанаар хийсэн хиймэл ёзоор суулган дээр нь бүрээс хийж, шүдийг авахгүйгээр сэргээх эмчилгээ/-ын эмчилгээ хийлгэхээр очсон байна.
Тухайн үед эмч нар мэдээ алдуулах тариа хийж эмчилгээг эхэлсний дараахан А гэнэт “шүд нь өвдөж байна” гэж уурлаж, эмнэлгийн ажилтнуудад халдан, тоног төхөөрөмжийг нь шидэж, өшиглөж эхэлжээ. Энэ үеэр найман настай охин нь аавыгаа болиулах гэсэн боловч А уурлаж, охиноо алгадан, чимхсэн байна.
Улмаар эмнэлгийн ажилтан цагдаа дуудаж, түүнийг баривчилжээ. Гэвч иргэн А цагдаагийн албан хаагчийн нүүр рүү нулиман, хэл амаар доромжилж, саатуулах байранд очсон хойноо ч цагдаа нар руу дайрч, танхайрсан байна. Түүнийг нийт 10 хоног саатуулсан бөгөөд энэ үеэр охиныг нь хүүхдийн түр хамгаалах байранд авчээ. Түүний шүүх хурал энэ сарын 16-нд болсон бөгөөд “шүүгчдэгч БНСУ-д эрүүгийн хариуцлага хүлээж байсан түүхгүй бөгөөд өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн. Мөн 10 хоног хоригдохдоо дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж амласан учир амлалтыг харгалзан тэнсэн харгалзах ялаар шийтгэв” хэмээжээ.
Эх сурвалж: News.ko, Koreadaily