Токио 2020 олимпийн бамбарын буухианд Тоттори мужаас Монгол залуу оролцохоор болжээ

Токио 2020 олимпийн бамбарын буухианд Тоттори мужаас Монгол залуу оролцохоор болжээ

Токиогийн олимпын бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Бамбар Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод долоодугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпийн наадам дуустал Токиод мандах болно.

Бамбар аялах муж, хот, дүүрэг бүр Бамбарын буухианд гүйх хүмүүсээ тодруулж, нутгийнхаа алдартнуудыг энэхүү хүндэт арга хэмжээнд урьж байгаа билээ.

Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотын олимпийн бамбарын буухианд Монгол залуу оролцохоор болжээ. “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг энэхүү нэр хүндтэй буухианд томилсноо Тоттори мужаас зарласан байна. 

Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа юм. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ. Озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога нар түүний гарын шавь нар нь юм.

Р.Гантөгс

Р.Гантөгс энэ сарын 22-нд 19:00 цагаас Тоттори хотын Бамбарын буухианд оролцоно. Нийт 40 хүн гүйх бөгөөд Тоттори мужаас төрсөн олимп, дэлхийн медальтнууд, Токиогийн олимпод оролцох тамирчид сонгогдож, үлдсэн эрхийг нутгийн иргэдэд сугалаагаар олгосон гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.