Найзыгаа унтаж байхад нь нүцгэн зургийг нь авсан Монгол эмэгтэйг баривчилсан талаар БНСУ-ын хэвлэлүүд өнөөдөр /2021.05.19/ мэдээлж эхэллээ.
Тодруулбал, 20 гаруй настай А гэх эмэгтэй энэ сарын 15-ны өдөр Гапёнгүн дахь амралтын газар найзтайгаа хамт очжээ. Энэ үеэр унтаж байсан найзынхаа нүцгэн зургийг нууцаар дарсан байна. Улмаар хоёр өдрийн дараа буюу энэ сарын 17-нд зургийг нь үзүүлж сүрдүүлэн таван сая вон өгөхийг шаарджээ. Харин хохирогч Б цагдаад мэдэгдсэнээр Монголын иргэн А-г баривчилсан байна.
Цагдаагийн газраас мэдээлснээр сэжигтэн А Монгол Улсын иргэн бөгөөд БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан аж. Харин хохирогч Б гэх найз нь хууль ёсны оршин суугч байжээ.
Мөн зарим хэвлэлээр түүнийг Монголоос цагаачилсан хууль ёсны иргэн хэмээн бичсэн байна. Сэжигтэн А өөрийн найз болох Б-г саяхан гоо сайхны мэс засалд их хэмжээний мөнгө зарцуулсан гэдгийг сонсож, мөнгөтэй гэж бодон ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлэг өгчээ. Түүнийг үргэлжлүүлэн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр байцаах аж.
Эх сурвалж: Hankyung, Newsis