Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болов

2021-05-05 14:55

Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болов

Бусдын бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан хэрэгт холбогдон, цагдан хоригдож буй МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. 

Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодсон хэрэгт холбогдон шалгуулж буй Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 4-нд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан. Улмаар үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байсан юм. Уг цагдан хорих 20 хоногийн хугацаа дөрөвдүгээр сарын 23-нд дууссан бөгөөд үргэлжлүүлэн 10 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.

Сүүлд гаргасан 10 хоног цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болсон учраас шүүхээр дахин хэлэлцсэн нь энэ юм. 

2021-05-05 14:33

Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг зодсон хэрэгт яллагдагчаар татагдаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод буй.

Түүнийг анх 20 хоногоор цагдан хорих шийдвэр гаргасныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд дахин 10 хоногоор хэлэлцсэн. Тэгвэл түүнийг  цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болж буй бөгөөд цагдан хорих, таслан сэргийлэх шүүх хурал яг одоо болж байна.