Ц.Анхзул: Яг үнэнийг хэлэхэд Ц.Анандбазарын асуудлаар хуулийн байгууллага шударга ажиллана гэдэгт эргэлзэж эхэллээ

Ц.Анхзул: Яг үнэнийг хэлэхэд Ц.Анандбазарын асуудлаар хуулийн байгууллага шударга ажиллана гэдэгт эргэлзэж эхэллээ

Цахиур.мн сайтын сэтгүүлч С.Анхзул, LiveTv.mn сайтын С.Будрагчаа нар хамтран “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн.

Нэвтрүүлэг гарснаас хойш УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн байж болзошгүй бэлгийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэргийг Улсын ерөнхий прокуророос өгсөн үүргийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Гэтэл цагдаагаас сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг уг хэрэгт холбогдогчоор татаж шалгахыг завдсан асуудал гарсан. Үүнээс болж маргаан үүссэн бөгөөд уг хэргийг тойрсон чухам ямар асуудал өрнөөд буй талаар сэтгүүлч Ц.Анхзултай ярилцаж тодрууллаа.

-ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ПРОКУРОРЫН ЧИГЛЭЛЭЭС ДАВСАН ҮЙЛДЭЛ ГАРГАЖ, ХУДАЛ ЯРЬЖ БИДНЭЭС МЭДҮҮЛЭГ АВАХ ГЭЖ ОРОЛДСОН-

-“УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлэг гарснаас хойш чухам ямар үйл явдал болоод буй талаар хоёулаа уншигчдад цэгцтэй мэдээлэл өгье?

-Сэтгүүлч С.Будрагчаа бид хоёр хамтраад өнгөрсөн сарын 25-ны өдөр “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Уг нэвтрүүлэг нь сэтгүүлчийн зүгээс ямар нэгэн дүгнэлтгүй, хохирогч таван эмэгтэйг урьж яриулсан. Нэвтрүүлэгт ярилцлага өгсөн таван эмэгтэйн гурав нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртсөн хохирогч. Тэд яг яаж хохирсон тухайгаа ярьж, баримтыг үзүүлсэн. Харин нөгөө хоёр эмэгтэй нь Ц.Анандбазарын үйлдлээс болж хохирсон эмэгтэйчүүдийн асуудлыг гэрчилж ярьсан гэрчүүд юм. Уг таван эмэгтэйн оролцсон нэвтрүүлэг гарсны маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 08.00 цагаас эхлээд манай Цахиур.мн сайтад халдлага орж ажиллахгүй болсон. Зохиомлоор маш их хандалтыг манай сервер рүү өгсөн. Их хандалт орсон учир сервер ачааллаа дийлэхгүй унасан.

Өнөөдрийг хүртэл зохиомол хандалт бий болгосон халдлага хийх үйлдэл үргэлжилсээр байна. Би IT чиглэлийн мэргэжилтэй хүн биш. Гэхдээ манай сайт хэр баргийн халдлагад ажиллахгүй болохоор биш. Тоон системд суурилсан. Сайтын серверийг хариуцдаг ажилтнууд хаанаас халдлага ирүүлж буйг судалсан. Ингээд дандаа хилийн чанадаас ирүүлж буйг мэдсэн. Тиймээс бид гаднаас ирүүлж буй халдлагыг зогсоохын тулд гадаад урсгалыг тэр чигт нь хаасан байдалтай байна. Ингэснээр хилийн чанадаас манай сайт руу хандаж унших боломжгүй хэвээр байгаа юм. Зөвхөн Монголоос хандаж уншиж байна. Гадаад урсгалыг хаасан учир сайтдаа орсон мэдээнүүдийг нийгмийн сүлжээнд ч тараах боломжгүй болсон. Нийгмийн сүлжээнд мэдээллээ тараахын тулд линк, зураг, гарчиг тавьж оруулж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл өөрийн талбартаа нийтэлсэн мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээж хандалт авдаг. Тэгэхээр шууд линк дарж манай мэдээллийг үзэх боломжгүй болж заавал хоёр, гурван үйлдэл хийдэг болсон. Энэ нь манай үйл ажиллагаанд үнэхээр хор, хохирол учруулж байна.

-Өөрт тань бас нэлээн чирэгдэл, дарамт ирж байх шиг байна. Тийм үү?

-Сайт руу халдлага орж ирсээр байгаа учир өчигдөр /2021.05.03/ Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд өргөдөл өгсөн. Яг энэ асуудлаар одоогоор бидэнтэй холбогдоогүй л байна. Одоо Ц.Анандбазар гэдэг хүнтэй холбоотой асуудлыг яръя. Нэвтрүүлэг гарснаас нэг хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас холбогдож сэтгүүлч С.Будрагчаа бид хоёрыг дуудаж гэрчээр мэдүүлэг өг гэсэн. 

Биднийг очиход байцаагч нь “Улсын ерөнхий прокуророос чиглэл ирсэн. Энэ нь Ц.Анандбазар гэх хүний гомдлоор биш. Нэвтрүүлэгт гэмт хэргийн шинжтэй олон зүйл яригдсан учир шалга гэсэн чиглэл ирсэн” гэж хэлсэн. Энэ дагуу С.Будрагчаа бид хоёр дуудсан цагт нь өмгөөлөгчгүй очиж мэдүүлгийг өгсөн. Бидний хувьд уг асуудлыг хурдан шалгаж, буруутанг тогтоогоосой гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна. Тиймээс тухайн нэвтрүүлэгт ярилцлага өгсөн гурван хохирогч, хоёр гэрч эмэгтэйн хувийн мэдээллийг цагдаагийн алба хаагчид хэлж өгсөн. Тус таван эмэгтэй ч Ц.Анандбазар гэдэг хүн хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр, суурьтай байсан. Тэгэхээр тэдний зөвшөөрлийн дагуу утасны дугаар болон хувийн мэдээллийг нь цагдаагийн байгууллагад өгсөн юм. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас шалгаж буй уг асуудал нь зөв, зүйтэй юм. Хохирогчийн эрх ашгийг хамгаалах гэж буй нь сайн жишиг гэж үзсэн.

-НӨГӨӨ ТАГ, ДУУГҮЙ БАЙСАН УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР НЭР ТӨРД ХАЛДСАН ХЭРГЭЭР БИДНИЙГ ЦАГДААД ӨГСӨН-

-Гэтэл гэнэт сэтгүүлч С.Будрагчаа та хоёрыг холбогдогчоор шалгахаар болсон. Энэ ямар учиртай юм болсон бэ?

-Ингэж байтал Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн өглөө 10.00 цагт ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны мөрдөгч над руу утсаар ярьж “Холбогдогчоор мэдүүлэг өг” гэсэн. Би маш их гайхсан. “Яагаад холбогдогч гэж вэ. С.Будрагчаа бид хоёр нэвтрүүлэг хийсэн. Нэвтрүүлгийн дагуу Мөрдөн байцаах газраас шалгаж байгаа. Бид тэнд гэрчээр мэдүүлгээ өгөөд явж байна. Гэтэл яагаад холбогдогч болчихвоо” гэж асуусан.

Би гэрч байж байснаа холбогдогч болчихсон учир эргэлзээ төрж өмгөөлөгч авсан. Ингээд С.Будрагчаа бид хоёр өмгөөлөгчтэй очсон. Ямар учраас холбогдогч болчихов гэж ч асуусан. Энд их асуудал бий.

Тус байцаагч бидэнд хэлэхдээ “Улсын ерөнхий прокурорын газрын прокурор Алдархишиг гэдэг хүн чиглэл явуулж “Уг хэрэгт сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг холбогдогчоор мэдүүлэг ав гэсэн. Энэ чиглэлийн дагуу би та хоёроос холбогдогчоор мэдүүлэг авах гэж байна” гэж хэлсэн.

Манай өмгөөлөгчийн хувьд “Манай үйлчлүүлэгч холбогдогч  байх ямар ч боломжгүй. Хоёр сэтгүүлч танай Мөрдөн байцаах газарт гэрчээр мэдүүлэг өгөөд явж байгаа. Хэргийг үйлдсэн байж болзошгүй хүн нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар аа. Тэгэхээр энэ хүнийг дуудаж холбогдогчоор мэдүүлэг авах ёстой. Яагаад нэвтрүүлэг хийсэн сэтгүүлч нар холбогдогч болдог юм” гэж хэлсэн. Харин байцаагчийн хувьд Улсын ерөнхий прокуророос өгсөн чиглэлийн дагуу л ажиллаж байна гэсэн тайлбарыг хэлсэн. Прокуророос ирүүлсэн бичгийг бидэнд харуулдаггүй, барьж аваад харах, зураг дарах боломжгүй байдаг. Зөвхөн ийм гомдол ирсэн гээд л уншдаг. Тиймээс бид Улсын ерөнхий прокурор Жаргалсайханд шаардлага хүргүүлж “Танай прокурор Алдархишиг өөрт олгогдоогүй эрх хэмжээгээ ашиглаж цагдаагийн алба хаагчдад чиглэл өгч хууль зөрчиж байна. Энэ прокурорынхоо гаргасан чиглэлд хяналт, шалгалт хийж хариу өгнө үү” гэсэн шаардлагыг хүргүүлсэн.

Шаардлагаа өгөөд Улсын ерөнхий прокурорын газрын гадна хэвлэлийн бага хурал хийсэн. Тэндээс хөдлөөд явж байтал 10 минутын дараа бидний шаардлагыг гардаж хүлээж авсан Улсын ерөнхий прокурорын хэвлэлийн албаны дарга Дашмаа гэж эмэгтэй над руу утсаар ярьж “Энд буруу ойлголт яваад байх шиг байна. Манайхаас сэтгүүлчдийг холбогдогчоор дуудаж  мэдүүлэг ав гэдэг чиглэлийг өгөөгүй” гэдэг зүйлийг ярьсан. Миний хувьд “Очиж уулзаж яах билээ. Та энэ зүйлээ албан бичгээр өгчихөө. Би бичгээр танилцмаар байна” гэж хэлсэн.

-Улсын ерөнхий прокуророос яг наад асуудал дээр чинь тайлбар өгсөн байсан. Тодруулбал, үгүйсгэсэн байсан. Тэгэхээр цагдаа худлаа ярьсан болж таарч байна уу?

-Дээрх чиглэлийг Улсын ерөнхий прокуророос өгөөгүй, сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар шалгаагүй гэсэн байна лээ. Тиймээс нэг хардлага гарч байгаа юм. Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны мөрдөгч яагаад холбогдогчоор мэдүүлэг авах гээд байсан юм.

Прокурорын чиглэлээс давсан үйлдлийг энэ хүн хийсэн байж болзошгүй. Энэ хүнд ямар ашиг сонирхол байна вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Бид энэ асуудлаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас тайлбар авна. Цагдаагийн алба хаагч прокурорын өгсөн чиглэлээс давуулж бүр худлаа ярьж холбогдогчоор мэдүүлэг авах гэж оролдсон байна. Азаар бид хоёр өмгөөлөгчтэй хамт байсан учир мэдүүлэг өгөхгүй гарч ирсэн. Бид хоёр мэдэлгүй холбогдогчоор мэдүүлэг өгч эрх, үүрэгтэйгээ танилцаад гарын үсэг зурчихсан бол холбогдогч болж асуудал эвгүйтэх байжээ. Тэгэхээр энд цагдаагийн алба хаагчийн асуудал яригдах ёстой.

-УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нэвтрүүлэгтэй холбоотойгоор тусдаа гомдол гаргасан уу?

-Тийм. Өчигдөр өглөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу холбогдсон. Нөгөө таг дуугүй байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Цахиур эрэн сурвалжлах нэвтрүүлэг миний нэр төрд халдлаа. Худал мэдээлэл тараалаа” гээд гомдол гаргасан байна. Энэ гомдлын дагуу С.Будрагчаа бид хоёр мэдүүлгээ өгсөн. Ингэхдээ баримт, гэрч болон холбогдох баримтуудаа ярьсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Нөхцөл байдал ийм л байна.

Сэтгүүлч С.Анхзул

-ХОХИРОГЧ ОХИДЫГ ДАРАМТАЛСАН, МӨНГӨ ТӨГРӨГ АМЛАСАН ЗҮЙЛ СОНСОГДООГҮЙ БАЙНА-

-УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг цагдаагийн байгууллагаас дуудаж уулзсан уу. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Энэ талаар мэдэхгүй байна. Би энэ талаар мөрдөгчөөс нь асуухад нь хэлэхээс татгалзсан.

-Тэгвэл хохирогч гэх охидоос мэдүүлэг авсан уу?

-Хохирогч нараас мэдүүлэг аваад эхэлсэн. Сэтгүүлч С.Будрагчаа бид хоёрын хувьд хохирогч болоод гэрчүүдтэйгээ холбоотой байгаа.

-Нэвтрүүлэг гарснаас хойш хохирогч охидыг дарамтлах, сүрдүүлэх асуудал гарсан уу?

-Манай нэвтрүүлэгт ярилцлага өгсөн таван эмэгтэйг сүрдүүлсэн, мөнгө төгрөг амласан гэдэг зүйлийг сонсоогүй байна.

-УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувьд нэвтрүүлгийг гаргах ажилд саад учруулж тохиролцох саналыг чамд тавьсан гэсэн. Өөртэй тань дахин холбогдсон уу?

-Ц.Анандбазарынхны зүгээс дахин холбоо тогтоогоогүй. Би хоёр газарт хоёр удаа мэдүүлэг өгөхдөө Ц.Анандбазар гэх хүний хэвлэлийн төлөөлөгч Бат-Оргил утсаар ярьж “Нэвтрүүлгээ гаргахгүй байж болох уу. Заавал гаргах шаардлага байна уу. Уулзъя, ярилцъя. Тохиролцъё. Гэрээ хийе, хамтарч ажиллая” гэдэг санал тавьсан гэдгийг хэлж, утасны бичлэг болон бусад баримтуудаа өгсөн. Бид нэвтрүүлэг гарахын өмнө хоёр талын байр, суурийг авах үүднээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазар руу холбогдож “Та яриа өгөх үү. Таны тухай нэвтрүүлэг гарах гэж байна” гэж хэлэхэд огт хариу өгөөгүй.

-Г.ЗАНДАНШАТАР, Б.БАТ-ЭРДЭНЭ НАР ТЭНЭГ ХҮНТЭЙ ХАРЬЦАЖ БУЙ МЭТЭЭР ДОРОМЖИЛСОН-

-Сэтгүүлч С.Будрагчаа та хоёр Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Гэхдээ Ёс зүйн дэд хороо уг асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн байна лээ. Энэ тал дээр ямар байр, суурьтай байгаа вэ?

-Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж жирийн иргэний байр, сууринаас шалгуулж өгөхийг шаардсан. Шаардлага өгснөөс яг зургаан цагийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар парламент.мн гэсэн УИХ-ын албан ёсны вэб сайт дээрээ мэдэгдэл гаргасан байсан. Шуурхай хандсанд нь маш их баярласан. УИХ-ын даргын хувьд Ц.Анандбазарын холбогдсон асуудлыг хэлэлцэх үүргийг Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгсөн байсан. Гэтэл уг асуудал цааш явалгүй хад мөргөчихлөө.

Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө “Хуулийн байгууллага шалгаж буй асуудлыг давхцуулж Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх боломжгүй” гэсэн байсан. Ингэснээрээ Б.Бат-Эрдэнэ даргатай Ёс зүйн дэд хороо, Г.Занданшатар даргатай УИХ-ын танхим Ц.Анандбазар гэдэг хүний холбогдоод буй асуудлыг хараагүй, сонсоогүй юм шиг дүр эсгэж байна. Бид ийм хариулт авах гэж хандаагүй. Угаасаа хуулийн байгууллага шалгаж буй нь үнэн. Хамгийн гол нь энэ хүнийг УИХ-ын гишүүн гэх халдашгүй байдлаас нь түр түдгэлзүүлж байгаад жирийн иргэнээр нь шалгуулж өгөөчээ гэж хүсч байгаа юм. Тэнэг хүнтэй ярьж байгаа юм шиг доромжилсон хандлагыг Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ нар үзүүллээ.

-Шалгагдаж буй үйл явцыг харахад уг хэрэг хуулийн дагуу шалгагдах шинж байна уу?

-Ц.Анхзул, С.Будрагчаа хоёрыг холбогдогчоор шалга гэдэг чиглэлийг прокуророос өгөөгүй байхад цагдаагийн мөрдөгч яагаад мэдүүлэг авах гэж улайрсан бэ гэдэг маш ноцтой асуудал. Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ нарын албан тушаалтнууд бидний шаардлагыг нэг, нэг рүүгээ шидэж байгаад Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцэхгүй гэсэн хариулт хэлж буй нь танхимаараа энэ үйлдлийг хамгаалж байна. Ц.Анандбазарын хүчирхийллийн эсрэг дуугарсан нөлөөлөгчдийн цахим хаягийг ч ажиллуулахгүй болгож байна. Яг үнэнийг хэлэхэд энэ бүхнээс үзэхэд хуулийн байгууллага шударга ажиллаж, шалгана гэдэгт эргэлзээ төрж эхэлж байна. Үнэхээр харамсмаар. Гэхдээ УИХ, хуулийн байгууллагаар асуудлыг шийдээд өнгөрөхгүй. Олон нийт энэ хүнээс шударга ёс, зүйг шаардана гэдэгт итгэлтэй байна.