УЕПГ: Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг шалга гэсэн үүрэг чиглэлийг прокуророос өгөөгүй

УЕПГ: Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг шалга гэсэн үүрэг чиглэлийг прокуророос өгөөгүй

Өчигдөр Ц.Анхзул, С.Будрагчаа нар “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд шаардлага хүргүүлсэн. Учир нь тэдний хамтран гаргасан “Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл”  нэвтрүүлгийг цацагдсаны дараа цагдаагаас дуудан шалгасан, улмаар тэднийг эрүүгийн хэрэгт холбогдогчоор татах чиглэлийг Улсын ерөнхий прокурорын газраас цагдаагийн байгууллагад өгсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УЕПГ-ын  Олон нийттэй харилцах алба хэвлэлд тайлбар мэдээлэл өгчээ. Тэрхүү тайлбартаа “Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас “Metoomongolia хөдөлгөөн” болон нийгмийн бусад сүлжээгээр удаа дараа гарч байгаа “Бэлгийн дарамт учруулах” зөрчлийн шинжтэй мэдээллүүдийг шалган шийдвэрлэх харьяаллыг тогтоолгох тухай албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу холбогдох материалыг нь хянаад хууль, тогтоомжийн дагуу харьяаллыг тогтоож шийдвэрлэсэн.

Прокуророос холбогдох материалыг харьяалал тогтоож цагдаагийн байгууллагад хүргүүлэхдээ хэн нэгэн хүнийг болон сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг холбогдуулан шалга гэсэн үүрэг чиглэл өсгөн асуудал байхгүй. Мөн дээрх нэр бүхий сэтгүүлч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг бол ташаа мэдээлэл байна. Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг яагаад өнөөдөр цагдаагийн байгууллагаас холбогдогчоор дуудсан тухайд эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийг шалгаж, шийдвэрлэдэг учраас энэ талаар тухайн байгууллагаас тодруулах нь зүйтэй" гэжээ.