Ховдод барилга нурж, таван хүн дарагджээ

Ховдод барилга нурж, таван хүн дарагджээ

Ховд аймагт барилгын хийцэд таван хүн даруулсан ноцтой осол өчигдөр гарчээ. Золоор хүний амь эрсдээгүй байна.

Энэ талаар ОБЕГ-ын мэдээлэлд, “Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ Шинээр баригдаж байгаа барилгын багана, таазны хэсэг нурж, барилгын хийцэд хүн дарагдсан тухай дуудлагыг 05.03 өдрийн 20:43 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 21:30 цагт очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан 1 давхар цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нурж, тухайн барилга дээр ажиллаж байсан ажилтан Г/25 настай, эрэгтэй/, Б/31 настай, эрэгтэй/, Э /25 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/, Т /51 настай, эрэгтэй/ нар барилгын хийцэд дарагдаж, бэртсэнийг тухайн байгууллагын ажилтан нар эсэн мэнд гарган  Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэсэн байсан. Тухайн барилгын үйл ажиллагааг зогсоож, битүүлжилсэн бөгөөд 05.04-ний өдөр аймгаас ажлын хэсэг очиж ажиллана. Бэртсэн 4 хүний биеийн байдал хэвийн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр, эрүүл мэндийн төвд үзлэг оношлогоо хийгдэж байна” гэжээ.