QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж замын хөдөлгөөнд оролцох зөрчил бүртгэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тухайлбал,
- Эрүүл мэндийн ажилтан гэсэн үнэмлэх, байгууллагын тодорхойлолтоор эсвэл Эмнэлгийн тоног төхөөрөмж тээвэрлэх албан байгууллагын үнэмлэх, тодорхойлолтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн,
- Хүчингүй болсон буяны ажлын бичгийн он сарыг засварлан замын хөдөлгөөнд оролцсон,
- Хүнс тээвэрлэх QR код ашиглан дуудлагаар гутал борлуулахаар хөдөлгөөнд оролцсон,
- Эмнэлэгт үзүүлэх эмчийн бичиг ашиглан сүү, сүү бүтээгдэхүүн борлуулахаар тээвэрлэж явсан,
- Хэвлэл мэдээллийн байгууллагад олгогдсон QR код бүхий зөвшөөрөлтэй автомашинаар цахим худалдааны бараанд хүргэлт хийсэн зэрэг зөрчил гарсан байна.
Улсын онцгой комиссын даргын 2021.04.25-ны өдрийн №37 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд “QR код” зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгох арга хэмжээ авах зохицуулалттай.
Тухайлбал:
- Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол;
- Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд байрлуулж ашигласан бол;
- Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол;
- Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол;
- Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол;
- Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол “QR код” зөвшөөрлийг хүчингүй болох арга хэмжээг авах юм.