Дөрөвдүгээр сарын 25-26-ыг шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсэн талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн.
Эдгээр иргэний 11 нь Монгол Улсын иргэн бол үлдсэн нь гадаадын иргэн байсан юм. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд халдварын тархалт нэмэгдэж буй Энэтхэг улсаас зугтсан иргэд манайд ирсэн үү гэх хардлага үүсээд байсан. Тэгвэл Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас уг асуудлаар тайлбар хийлээ.
Тодруулбал, тус нислэгээр ирсэн Энэтхэг улсын 60 иргэн нь нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн аж. Харин Монголын 11 иргэний хувьд Энэтхэгт урт хугацааны туршид эмчилгээ хийлгэж байгаад иржээ. Энэтхэгээс ирсэн ажиллах хүчийг Дорноговь аймгийн Алтанширээт тусгаарласан бөгөөд бүгд вакцины хоёр дахь тунд хамрагдсан, PCR шинжилгээтэй байсан гэдгийг хэллээ.