Маргаашнаас нийслэлд тогтоосон хөл, хориог ЧАНГАТГАНА гэв

Маргаашнаас нийслэлд тогтоосон хөл, хориог ЧАНГАТГАНА гэв

Засгийн газар, Улсын онцгой комиссоос шийдвэр гаргаж маргааш өглөө 06.00 цагт /2021.04.25/ дуусах хөл, хориог ирэх сарын  07-ны өдрийг хүртэл сунгасан. 

Хатуу хөл, хорионы хоёр дахь үе эхэлж буйтай холбоотойгоор маргаашнаас хөл, хориог чангатгахаар болсон гэж Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Ж.Амгалан мэдэгдлээ. 

Тэрбээр "Монгол Улс дэлхийн жишгийн дагуу "ногоон", "шар", "улбар шар", "улаан" түвшинд шилжин ажиллаж байгаа. Энэ удаа "улаан" түвшинд шилжсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын хавсралтад "улаан" түвшингийн үед хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага дурдагдсан. Гэхдээ үүнийг дагаад машин болон явганы хөдөлгөөн их байгаа тул дахин зохицуулалт хийх шаардлага үүссэн.

Иргэд өмнөх хатуу хөл хорионы түвшин шиг энэ удаагийнхыг төсөөлж байсан байх. Гэтэл өмнөх шиг түвшинд хүрэхгүй байгаа болохоор халдварын хумилт шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа юм.

Иймд холбогдох судалгааг дахин хийж, "улаан" түвшингийн үед хязгаарлагдаагүй байгууллагуудын үйл ажиллагаанд дахин зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цаашид хөл хориог нэлээд хатуу болгож, тодорхой зохицуулалт хийнэ. Цар тахлын үед тангараг өргөсөн төрийн албан хаагчид үүргээ гүйцэтгэж байгаа. Мөрдөгддөг цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа ба цагдаагийн байгууллагынхан гурван ээлжээр явж байгаа байх. Мөн төрийн албан хаагчдыг татаж оролцуулах ажил зохион байгуулагдахгүй. Энэ талаарх асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан" гэв.

Бид энэ талаар зарим эх сурвалжаас тодруулахад, "Нийслэлд тогтоосон хөл хориог чангатгахаар ярилцаж байна. Тодруулбал, иргэдийн унадаг дугуйтай зорчих хөдөлгөөн болон гэрийнхээ ойролцоо салхинд гарах зэрэг хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй байна" гэсэн юм.