УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрөгч шөнө Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутагт согтуугаар автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, тэрбээр ганцаараа автомашин жолоодож явсан гэх бөгөөд 67-.. УНЦ улсын дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон гэх мэдээлэл байгаа юм. Улмаар түүний согтолтын зэрэг 1.31 бүхэл гарсан гэх бөгөөд тэрээр осол гаргах үедээ уруулаа хазаж язарсан тул ГССҮТ-д хүргэгдсэн гэх албан бус мэдээлэл ч байгаа юм.
Тэгвэл бид тус хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Зам тээврийн хэргийг шалгаж байгаа. Осол гарсан тул хэрэг бүртгэл нээгээд прокурор руу явуулдаг учир шалгалтын ажиллагаа хэсэг хугацаанд үргэлжилнэ. Гэмтлийн зэргийг заавал тогтооно. Харин хажуудаа хүнгүй, согтуу явсан бол хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, автомашин жолоодох эрхийг нь хасна” гэсэн юм.