Олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн 60 тэрбумын гэх тодотголтой хэрэг шалгагдаж дуусаад процессийн дагуу прокурорын шатанд шилжжээ.
Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр буюу өчигдөр дээрх хэрэг Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж дуусаад улмаар УЕПГ-т шилжсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Дээрх хэрэгт холбогдсон А.Ганбаатар болон Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх зүйл ангиад холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар шилжүүлсэн аж.
Хэргийг нэхэн сануулбал, Өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан билээ. Тэрхүү бичлэгт УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай хөндөгдсөн байдаг.
Харин өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын гэх тодотголтой дээрх хэргийг тагнуулын байгууллагаас сэргээн дахин шалгаж эхэлсэн. Тэгвэл энэхүү хэргийн мөрдөн байцаалт дуусаж, холбогдох этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Дээрх мэдээллийг баталгаажуулах үүднээс УЕПГ-аас тодруулахад, "Хэргийг прокурорт шилжүүлсэн нь үнэн" гэв.
У.УРАНЦЭЦЭГ