УИХ-ын гишүүн Г.Дамдинням дэглэм зөрчиж Улаанбаатар хотоос гарсан уу

УИХ-ын гишүүн Г.Дамдинням дэглэм зөрчиж Улаанбаатар хотоос гарсан уу

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарласан хэдий ч хоёр болон дөрөвдүгээр багц дээр шалгарсан БНХАУ-ын компани ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэн. 

Иймд өнгөрөгч есдүгээр сарын 10-ны байдлаар эдгээр таван багцаас 1, 3, 5 дугаар багцын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байв. Харин 2, 4 дүгээр багц дээр ажил нь 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсоод байсан билээ. Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох ажлын хоёрдугаар шатны ажил энэ сараас эхэлж байгаа юм. Иймд тус ажилтай танилцахаар Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон Г.Дамдинням хатуу хөл хорионы дэглэм зөрчиж,  Улаанбаатар хотоос гарсан бололтой. 

Учир нь үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын жагсаалтад УИХ-ын гишүүн гэсэн албан тушаал багтаагүй. Мөн хүндэтгэн үзэх шалтгаан ч түүний ажил үүрэг нь хамаарахгүй юм. 

Иймд түүний үйлдлийг зарим иргэд “Ганц хүрз шороо шидэж чадахгүйгээс хойш замын ажилтай танилцах нэрийдлээр дэглэм зөрчиж, бусадыг эрсдэлд оруулах хэрэг байсан уу” хэмээн шүүмжилж байна. Учир Улаанбаатар хот коронавирусийн голомт болоод байгаа билээ. Харин тэрээр энэ тухайгаа "УОК-ын зөвшөөрөлтэй" хэмээн тайлбарлажээ.