М.Нарантуяа: 50 гаруй хүнээс захидал ирсэн. Маш ноцтойг нь олон нийтэд ил болгоогүй

М.Нарантуяа: 50 гаруй хүнээс захидал ирсэн. Маш ноцтойг нь олон нийтэд ил болгоогүй

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийлэл, халдлагад өртөж бие мах бодь, сэтгэл санааны дарамтад амьдарч буй талаараа олон нийтэд мэдэгдсэн. Түүний мэдэгдэл олны дунд шүгэл үлээж охид, эмэгтэйчүүдэд хүчирхийллийн эсрэг дуугарах зоригийг өгөөд буй. Мөн Б.Сүндэръяагийн мэдээлэлтэй холбоотойгоор нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон олны танил хүмүүс "Ме too" хөдөлгөөнийг эд өрнүүлээд байна.

Тэдний нэг нь дуучин М.Нарантуяа буюу Нара. Дуучин М.Нарантуяагийн хувьд өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын дарамт, хүчирхийлэлд өртөж байсан охидыг зоригтой байхыг уриалж, бусармаг үйлдлийг нь илчилсэн захидлыг цуглуулах ажлыг “Me too” хөдөлгөөний хүрээнд өрнүүлж байна. Энэ хүрээнд Ц.Анандбазарт дарамтлуулж, хүчирхийлүүлсэн байж болзошгүй олон охид, эмэгтэйчүүд захидал илгээж эхнээсээ олонд ил болгоод буй. Энэ  талаар болон “Me too” хөдөлгөөний үйл ажиллагааны талаар дуучин М.Нарантуяатай ярилцлаа.

-УНТАЖ, ХЭВТЭХГҮЙ БОЛ ОХИДЫГ БАЙНГА ДАРАМТАЛДАГ ГЭНЭ-

-“Ме too” хөдөлгөөний хүрээнд зөвхөн таны цахим хаягт нийт хэдэн хүнээс захидал, зурвас ирээд байгаа вэ?

-“Me too” хөдөлгөөнөөс маргааш /2021.04.16/ УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар бичиг өгнө. Ц.Анандбазар нь ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг байсан тэр дундаа маш ёс бус үйлдэл гаргадаг тухай иргэдээс ирсэн захидал, зурвасуудыг хамтад нь тус байнгын хороонд өгөх гэж буйгаа ярилцлагын эхэнд дурдмаар байна. Өнөөдрийг хүртэл 50 гаруй хүнээс надад захидал ирүүлсэн.

-Ирсэн бүх захидлыг олонд ил болгосон уу. Эсвэл маш ноцтой үйлдлүүдийг дурдсан захидлуудыг ил болголгүй нууцалж цензурдсан уу?

-Ноцтой үйлдлүүдийг дурдсан захидлыг ил болгоогүй. Захидлуудыг уншиж үзээд шүүлтүүрдэж арай гайгүй гэснийг нь гаргасан. Маш ноцтой захидлууд олон байна. Ганц эмэгтэй гэлтгүй эрэгтэйчүүдээс ирүүлсэн зурвас ч бий. Түүнчлэн ажилтнуудад ямар дарамт ирдэг тухай аль загварын агентлагаас хэнийг, хэдэн төгрөгөөр захиалж авдаг байсан гэх мэт захидал, баримтууд надад байна. Би үүнийг ил тавиагүй.

-Танд ирсэн захидлуудаас олон нийтийг сэрдхийлгэм, ноцтой үйлдэлтэй захидлаас дурдаж болох уу?

-Ажлын байрны дарамтад ороогүй хүн байдаггүй юм байна. Унтаж, хэвтэхгүй охидыг байнга дарамталдаг гэнэ. Тэр бүү хэл хажуугаар нь өнгөрөх, нүдэнд нь харагдах төдийд л дарамталдаг юм байна. Байгууллагын соёл нь дарамттай холбогддог. Ажилчид нь дарамтыг нь тэвчиж  амьдардаг. Тэр бүү хэл одоо ажиллаж буй  ажилчдаа “Сүнээгийн эсвэл Нарагийн сэтгэгдэл дор зурвас бичвэл шууд ажлаас хална. Ар гэрийнхэнтэй чинь ярина. Цалинг нь өгөхгүй” гэж дарамталж байгаа гэх мэдээлэл байна. Цаашлаад яг одоо "Ц.Анандбазарыг өмгөөлж бич" гэсэн тушаал өгч байгаа гэнэ. Түүнчлэн хамтарч ажилладаг түншлэгч, нийлүүлэгч байгууллагуудаа дарамталж хамтын ажиллагаагаа зогсооно гэх мэтээр хэлсэн байна.

-Захидалд дурдагдсан үйл явдлын мөрөөр цагдаагийн байгууллагаас тантай холбогдсон уу. Эсвэл та цагдаагийн байгууллагад хандах уу?

-Цагдаагийн байгууллагаас одоохондоо холбогдоогүй байна. Бид нарын хувьд “Me too” хөдөлгөөний хүрээнд захидал ирүүлсэн хүмүүсийн гомдлыг хэвлэж, бүртгэлжүүлж Ц.Анандбазарын нэр дээр гомдол гаргах төлөвлөгөөтэй байна.

М.Нарантуяа

-Ц.АНАНДБАЗАРЫГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС НЬ ЭРГҮҮЛЭН ТАТАЖ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ-

-“Ме too” хөдөлгөөн хаана хүрч байж зогсох вэ. Та бүхэн ямар үр дүнд хүрэхээр зорьж байна?

-Эрүүгийн хуулийн 12.4 дэх заалтад ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг тусгасан байсан. Энэ заалтыг 2017 онд хассан. Тиймээс бид уг заалтыг сэргээж хуулинд дахин тусгуулах зорилготой  байна. Бид нарын зорилго зөвхөн Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах биш юм. 

Энэ хүн маш олон удаагийн үйлдлээр охид, эмэгтэйчүүдийг дарамталж, гомдоож байсан асуудал яригдаж байгаа учраас УИХ-ын гишүүнээс нь татаад зогсохгүй холбогдох хохирогчийн мэдээлэлд үндэслэн хуулийн байгууллагад шалгуулж хариуцлага хүлээлгэх зорилготой.

Мөн Ц.Анандбазарын бизнесүүдийг бойкотлох юм. Энэ бол Ц.Анандбазарын хууль бус үйлдлийг эсэргүүцсэн ажлын зөвхөн нэг хэсэг нь. Цаашлаад Монгол орон даяар мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэх асуудлыг хөндөнө. Ажилд авахдаа бэлгийн дарамттай холбоотой ямар нэгэн асуулт асуухгүй байх, хасах. Төрийн алба болон хувийн хэвшилд уг журмыг мөрдүүлж бэлгийн дарамттай  холбоотой асуумж бий бол нэгдсэн журмаар хасуулах зорилтыг тавьж байна. Ганц Ц.Анандбазарын асуудлаар “Мe too” хөдөлгөөн зогсохгүй. Мөн ажлын байрны бэлгийн дарамтаас гадна бүх төрлийн хүчирхийллийн асуудлыг хөндөж засахын төлөө ажиллана. Хүчирхийлэл бий л бол энэ хөдөлгөөн оршин тогтносоор байх болно.

-Таны цуглуулсан захидал цагдаад шалгагдах үеэр хүчирхийлэлд өртөж байсан охидын хувийн мэдээлэл алдагдах вий. Хүчирхийлэгчид очих вий гэсэн болгоомжлол байна уу?

-Манай хөдөлгөөнд хүний эрхийн хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа ажиллаж байна. Хүний эрхийн комиссын гишүүн Д.Сүнжид дэмжиж ажиллахаа мөн мэдэгдсэн. Эрхэмбаяр, Болд, Пүрэвсүрэн гэх мэт олон хуульч ажиллаж зөвлөгөө мэдээлэл өгч байна. УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уг хөдөлгөөнийг дэмжиж ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг дахин хуульд тусгагдах хүртэл улс төрийн манлайлал үзүүлж ажиллахаа илэрхийлсэн. Хуульч, өмгөөлөгчийн багт чадвартай мэргэжилтнүүд бий учраас эрсдэлийг тооцоолж сайн ажиллана. Хуулийн цоорхойг ашиглуулахгүй байх тал дээр маш сайн анхаарна. Ажлын төлөвлөгөө гарсан. Төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

М.Нарантуяа

-ЦААШИД ӨӨР КОМПАНИУДЫН ЗАХИРАЛ, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ-

-Та өмнө нь Сүнээг таньдаг байсан уу. Та хоёр одоо хэр холбоотой байгаа вэ?

-Холбогдож байна. Мэдэгдэл хийснийх нь дараа Сүнээтэй холбогдсон. Түүнээс өмнө нь энэ бүсгүйн талаар бусад хүмүүсийн адил бодолтой байсан. Харин сая холбогдохдоо “Юу болоод байдаг юм бэ дээ охин минь. Чи ордонд яагаад байсан юм. Ер нь юу болсон, яасан юм” гэж асуусан.

Сүнээ “Ийм, ийм учиртай. Энэ хүнд удаа дараа хүчирхийлүүлж байна. Маш их сэтгэлийн дарамт, айдастай байдаг боллоо. Үнэхээр тэсэхгүй байна. Аягүй бол үсрээд үхчхэж мэдэх учир ядаж үнэнийг хэлье гэж бодлоо. Цаашид хэн нэгэн ингэж хохирохгүйн төлөө үнэнг хэлэх ёстой юм байна” гэж хэлсэн. Анх Сүнээ нэр дурдалгүйгээр асуудлыг хөндсөн. Гэтэл Ц.Анандбазар шууд хариу мэдэгдэл хийсэн. Ц.Анандбазарын мэдэгдлийн дор маш ноцтой сэтгэгдэл маш олон байсан. Тухайлбал, “Чи хүчирхийлэгч мөн биз дээ. Өргөөд ажилладаг охидыг хүчирхийлдэг нь үнэн биз дээ” гэсэн сэтгэгдэл бичсэн байсан. Тэр сэтгэгдлийг уншаад л тэр хүнд хүчирхийлүүлсэн охидын захидлыг авч эхэлсэн. Гэтэл захидлууд ар, араасаа маш их ирсэн.

-Та цаашид захидлуудыг авсаар байх юм байна гэж ойлголоо?

-Тиймээ. Захидлуудыг үргэлжлүүлэн авна. “Ме too” хөдөлгөөний хүрээнд Сүнээ болон надад бас бусад гишүүдэд маань ирж буй захидлуудыг ангилж байна. Ганц Ц.Анандбазар бус бусад томоохон компанийн захирлууд, УИХ-ын гишүүдийн асуудлыг дэс дарааллаар нь хөөж олон нийтэд зарлана. Бид дарааллын дагуу ажиллаж байна. Нэг асуудал нөгөөгөө дардаг учраас дэс дараатай ажиллах юм.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.