Чикагод халдлагад өртөж буудуулсан Н.Учрал: Бие зүгээр. Эмнэлгээс гарсан

Чикагод халдлагад өртөж буудуулсан Н.Учрал: Бие зүгээр. Эмнэлгээс гарсан

АНУ-ын Чикаго хотод амьдардаг монгол залуу гудамжинд явж байхдаа азиудыг ялгаварлан гадуурхагчидтай таарч, биедээ хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрээр баруун гуяндаа буудуулж, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд их хэмжээний цус алдсан учраас яаралтай цус сэлбэж, амь насыг нь аварсан гэж буй.

-ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ: МАРГААШ Л МЭДЭЭЛЭЛ
ӨГӨХ БОЛОМЖТОЙ-

Түүний бие хэрхэж буй талаар /2021.04.13/ 23.00 цагт өөрөөс нь тодруулахад Би эмнэлгээс гарсан. Бие зүгээр” гэсэн юм. Өөр бусдаар тэрбээр ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Харин АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам түүнтэй холбогдохоор ажиллаж буй бөгөөд Элчин сайд Ё.Отгонбаяр “Холбогдох утас, хаяг байна уу. Монголчуудын холбоо мэдэхгүй байна” гэж цахим хаягтаа өчигдөр шөнө 23.00 цагийн үед бичсэн байв. Үүнээс хойшхи хугацаанд Монголын Элчин сайдын яамнаас түүнтэй холбогдсон эсэх нь одоогоор тодорхой байна. Харин энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “АНУ-д шөнө болж буй тул маргааш албан ёсны мэдээлэл өгөх боломжтой” гэсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Чикаго дахь монголчууд тус иргэнд анхаарал тавьж, тусалж байгаа аж.

АНУ-д Монгол Улсын 30 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байгаагаас 5000-8000 гаруй нь Чикаго хотод байдаг байна. Иймээс тус хотод Консулын газар байгуулахаар зэхэж байгаа юм.

Дашрамд дурдахад, дэлхий нийтэд цар тахал бүртгэгдсэнээс хойш АНУ-ын зарим муж, хотод ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах, гудамж талбайд явж байхад, үйлчилгээний газраар үйлчлүүлж байхад нь гэнэт биед халдаж, зодож, хүнд гэмтэл учруулах үзэгдэл олноор гарсаар байгаа юм. Иймд гадаадад, ялангуяа АНУ-д амьдарч байгаа монголчууд анхаарал болгоомжтой байж, өөрсдийгөө хамгаалж, олон нийтийн газар, гудамж талбайгаар явахдаа байнга сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байна.

Н.Учрал гэж хэн бэ?

Н.Учралын хувьд 30 гаруй настай. Монгол улсад МИАТ ХК-д PR менежер, Юнисити компанийн эрүүл мэндийн зөвлөх, JCI Mongolia идэвхтэн гишүүн, ТББ-ын тэргүүн зэрэг ажлыг хийсэн байсан нэгэн юм. Бид уг мэдээллийн талаар эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө