Коронавирусийн халдвар авсан жүдочдыг Монголд авчран эмчилж эхэлжээ

Коронавирусийн халдвар авсан жүдочдыг Монголд авчран эмчилж эхэлжээ

Киргизстаны Бишкек хотод зохион байгуулагдаж буй Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор очсон манай жүдо бөхийн шигшээ багийн зарим тамирчнаас коронавирусийн халдвар илэрсэн. 

Үүнтэй холбоотойгоор олон улсын жүдо бөхийн холбооны журмын дагуу манай улсын багийг тус тэмцээнд оролцуулаагүй. Гагцхүү тусдаа бэлтгэл хийж байсан Сайед Моллайг ойрын хавьтагч биш тул тэмцээнд оролцохыг зөвшөөрч, улмаар манай легионер тамирчин хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл Бишкек хотоос жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид “Хүннү эйр” ХХК-ийн онгоцоор эх орондоо эргэн иржээ. Халдвар авсан тамирчдыг шууд эмнэлэгт хүргэж, эмчилгээг эхлүүлсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байна гэж албаныхан мэдээллээ. Харин бусад тамирчид болон багийн гишүүд халдвар хамгааллын дэглэмийн дагуу тусгаарлагджээ.