АТГ-ын мөрдөгчид Ховд аймагт ажиллаж Б.Пүрэвдоржийн хамаарал бий компаниудад нэгжлэг хийжээ

АТГ-ын мөрдөгчид Ховд аймагт ажиллаж Б.Пүрэвдоржийн хамаарал бий компаниудад нэгжлэг хийжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргийг сэргээн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Б.Пүрэвдорж нь Гадаадын иргэн харьяатын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас нүүрс тээвэрлэдэг БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн холбогдох заалтыг зөрчиж, улсад 236 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч 2016 онд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд тус хэргийг нь дахин сэргээн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Мөн түүнийг Засгийн газрын тусгай сангаас хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. 

Тухайлбал, түүний хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” компани нь “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд 2017 онд Мал хамгаалах сангаас 1,3 тэрбум төгрөгийн зээлийг хүүгүй авсан гэдэг. 

Иймд өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт АТГ-ын мөрдөгчид Ховд аймагт ажиллан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий “Баруун монгол интернэйшнл” болон “Жинст транс” компанид нэгжлэг хийж, санхүүгийг бичиг баримтуудыг нь хураан авсан талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авах эрх мэдлээ ашиглан оролцсон гэх хэргийн нотлох баримтуудыг цуглуулахын тулд ийм ажиллагаа явуулсан гэж эх сурвалж онцолжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө