Нийслэлийн засаг даргын харьяа асрамжийн газарт 12 настай охин хүчиндүүлж, жирэмсэлсэн хэргийг НУУЦАЛЖ байжээ

Нийслэлийн засаг даргын харьяа асрамжийн газарт 12 настай охин хүчиндүүлж, жирэмсэлсэн хэргийг НУУЦАЛЖ байжээ

Хүүхэд бол өөртөө тулгарч болох эрсдэл, аливаа үйл явдлын учир шалтгаан, орчны аюул тохиолдлыг урьдчилан мэдэж тооцоолон гаргалгаа гаргаж чадахгүй субъект юм. Тиймээс 16 хүртэлх насны хүүхдүүдийг эцэг эхийн болон асран хамгаалагч нарын хамгаалалт дор байлгах зайлшгүй шаардлагатай байдаг. Гэвч эцэг, эхгүй бүтэн өнчин ганцаар бор хоногийг тоолон яваа үрс дэндүү олон.

-ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН 17 НАСТАЙ ЭТГЭЭДЭД ЗУРГААН ЖИЛИЙН ЯЛ ОНООВ-

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын тогтоолоор 2019, 2020 онуудыг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон тунхаглан зарласан. Үүний хүрээнд төрөөс маш олон ажил хийгдэж байгаа гэгддэг. Мөн улсын хэмжээнд хүүхэд хамгаалах, тэдэнд зөв чиг хандлага төлөвшүүлэх, бяцхан хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд олон бий. Харин дэндүү олон гэж хэлж болох төрийн болон төрийн бус байгууллагууд олон нийтийн анхаарлын төвд орсон хэргийн ард ажиллаж байгаа нь харагддаг. Гэхдээ хөшигний ард олон хэрэг болж өрнөж олон хүүхэд насан туршдаа хохирогч, гэмт хэрэгтэн болсоор байгааг нуусаар байдаг.

-ХОХИРОГЧ ОХИН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ҮЕЭР ХЭДЭН УДАА ХҮЧИНДҮҮЛСНЭЭ САНАХГҮЙ БАЙНА ГЭЖЭЭ-

Үүний жишээ бол: Энэ оны долдугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 17 настай Т нь 12 настай А-г удаа дараа хүчирхийлсэн хэргээр зургаан жилийн хорих ял сонссон байна. Уг хэргийн цаана 12 настай бяцхан охин таван сартай жирэмсэлсэн байгаа юм.

Уг хэрэг ил болсон шалтгаан нь улс орон даяар бага насны охидыг жирэмсэлж, үр хөндүүлж байгаа учир шалтгааныг тогтоохоор эрүүл мэндийн байгууллагууд энэ оны эхээр ажилласан байна. Гэтэл насанд хүрээгүй буюу 12 настай охин үр хөндүүлсэн тохиолдол гарсныг шалгахад хүчиндүүлснээс болж жирэмсэлсэн болох нь тогтоогджээ. Ийнхүү Баянзүрх дүүргийн цагдаад хандан мэдээлснээр хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр тухайн асрамжийн газарт байнгын амьдардаг байсан 12 настай охиныг 17 настай эрэгтэй хүүхэд урт хугацааны турш бэлгийн дарамтад байлгаж хүчиндэж улмаар жирэмсэн болгосон нь эцэслэн тогтоогдсон байна. 

Энэхүү хэрэг эхнээсээ шалгагдаж эхэлснээс хойш өнгөрөгч долдугаар сард анхан шатны шүүх хурал болох хүртэл "Нийслэлийн тусгай сургалт хүмүүжлийн цогцолбор"-ын асрагч багш, удирдлагууд хэргийг нуусан. Ингэхдээ дээд шатны байгууллага болох Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүртэл огт мэдээлээгүй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үеэр тус газрын дарга болон асрагч багш нараас гэрчийн тайлбар мэдүүлэг авсан ч мөн л дараад нууцлаад өнгөрсөн байна. 

Учир нь бага насны охин А нь хүчирхийлэлд өртөхөөс хамгаалагдах учиртай хамгаалах байр буюу асрамжийн газарт аймшигт хэргийн хохирогч болсон. Мөн улсаас мөнгө авч хүүхэд хамгаалж, боловсрол олгох үүрэгтэй ажилладаг төрийн байгууллага дотор энэ хэрэг болсон. Иймээс асрамжийн газрын удирдлага асрагч багш нар ажиллаа ямар байдалтай хийдэг нь эл хэргээр ил болоод байгаа юм.

-АСРАМЖИЙН ГАЗРЫН ДАРГЫГ ШУУД ТОМИЛСОН ХОТЫН ДАРГА ТА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ-

Хамгийн ноцтой нь энэхүү аймшигт гэмт хэрэг Нийслэлийн Засаг даргын шууд удирдлагад байдаг "Нийслэлийн тусгай сургалт хүмүүжлийн цогцолбор"-т болсон байгаа юм. Энэхүү газар нь Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санхүүжин хүүхэд хамгаалах, суурь хүмүүжил олгох, эцэг эх асран хамгаалагчгүй бүтэн өнчин болон үнэлгээ шалгалтаар гэр бүлийн орчиндоо байхад хүчирхийлэлд өртөх өндөр магадлалтай хүүхдүүдийг улсын асрамжид авч хамгаалдаг гэх. Хүүхэд хамгаалах, сурган хүмүүжүүлэх үндсэн чиг үүрэгтэй улсын төсвөөр үйл ажиллагаагаа явуулдаг дээрх газрын дарга н.Лхамсүрэнг  эрхэм Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан шууд тохоон томилсон аж. 

Хүүхэд хамгаалах үндсэн чиг үүрэгтэй улсын байгууллагын дотор бүтэн нэг жил 12 настай охин хүчиндүүлж байхад тэрхүү газрын удирдлага болон асрагч багш нар чухам юу хийж байв. Хохирогч охин удаа дараа багш нартаа хэргийн тухай дуулгаж байсан гэдгийг эх сурвалжийн зүгээс мэдээлж байна. Тэр ч бүү хэл асрамжийн газарт бяцхан охин хэд удаа хүчиндүүлснээ тоолж мэдэхгүй байна хэмээн шүүх танхим мэгшин уйлж зогсжээ.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, Хохирогч охин өдгөө өөрийн ээж дээрээ байгаа. Хэрэг гарсны дараа удалгүй охин асрамжийн газарт байхаа больсон гэв. Харин хэрэг үйлдсэн гэх 17 настай Т нь өмгөөлөгчийн хамтаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэх ба тун удахгүй шүүх хуралдаан болох юм байна.

Харин энэхүү хүчингийн хэргийн мэдээллийг дөнгөж өчигдөрхөн буюу наймдугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн засаг даргын тамгын газрынхан мэдэж улмаар шуурхай хурал зарлан хуралдаж  ажлын хэсэг гаргаж шалгахаар болжээ.

У.УРАНЦЭЦЭГ

Нийслэлийн засаг даргын харьяа асрамжийн газарт 12 настай охин удаа дараа хүчиндүүлсэн хэрэгт хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

Нийт: 177 саналтай




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө