"Токио-2020" олимпийн хүндийн өргөлтийн тэмцээнийг манай улсаас Л.Одгэрэл шүүхээр болжээ

"Токио-2020" олимпийн хүндийн өргөлтийн тэмцээнийг манай улсаас Л.Одгэрэл шүүхээр болжээ

“Токио-2020” олимпийн наадамд манай улсаас хэд хэдэн гишүүд шүүгчдийн бүрэлдэхүүнд оролцохоор болоод байна. Хүн төрөлхтний их наадмын хүндийн өргөлтийн тэмцээнийг Л.Одгэрэл шүүх эрхээ өчигдөр хүлээн авлаа.

Тэрбээр Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд олимпийн наадамд шүүгчээр томилогдсон анхдагч иргэнээр тодорсон байна. Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 оны зургаадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. “Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн. Эмэгтэй тамирчдаас “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн нэгэн юм. Л.Одгэрэл нь ДАШТ-д шүүгчээр долоон удаа уригдаж, Тяньжинь-2013 Зүүн Азийн наадам, Тайпей-2017 Универсиад, Жакарта-2018 Азийн наадам, Буэнос-Айрес-2018 Залуучуудын олимпийн наадмыг шүүсэн туршлагатай аж.

"Токио 2020" олимпийн наадмын хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд “International Forum” ордонд зохиогдохоор товлогджээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн хороо