Өнгөрсөн долоо хоногт томилогдсон АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Марк Эспер манай улсад айлчлахаар болсныг Пентагон саяхан мэдэгдлээ.
Тэрээр Пентагоны тэргүүний хувиар хийх анхны гадаад айлчлалаа Ази тивийн таван улсаас эхлэхээр болсон байна. Эсперийн аялал Баасан гарагаас эхлэн Австрали, Шинэ Зеланд, Монгол, Өмнөд Солонгос, Япон улсуудад үргэлжлэх ажээ.
Тэрбээр Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж байгаа хүчийг хязгаарлах зорилгоор холбоотон улсуудтай яриа хэлэлцээр хийх зорилготой байна.
Мөн Умард Солонгос, Ираны асуудлууд ярилцах сэдвийн хүрээнд нь багтжээ.
Өнгөрсөн зургаадугаар сард Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа огцорч, оронд нь Эсперийг ерөнхийлөгч Дональд Трамп томилж байв. Өнгөрсөн долоо хоногт Эсперийн томилгоог конгресс баталсан юм.
Тэрээр армид алба хааж байсан, АНУ-ын батлан хамгаалах салбарын лоббич байсан хүн гэнэ.