-АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ХОТЫН БҮХ ЦЭГТ АГААР БОХИР ГАРСАН-
Өчигдөр оройноос буюу долдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотыг сааралтсан утаа бүрхээд байна.
Бид энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Нямдаваагаас тодрууллаа:
-Улаанбаатар хотын бүх цэгт бага зэргийн бохирдолтой байгаа нь үнэн. Учир нь ОХУ-ын Сибирийн Красноярск, Якутск, Эрхүү, Уралын нуруу, Волга голын саваар гарсан ой хээрийн түймрийн утаа салхины чигийн дагуу манай улс руу орж ирсэнээс үүдэж утаатай болсон гэдгийг мэргэжилтнүүд таамаглаж байна. Өнгөрсөн долоо хоногт манай улс даяар их хэмжээний бороо хуртай байсан учраас агаарын чанар сайн, агаар маш цэвэр байсан. Харин өчигдөр өглөөнөөс эхлэн утаатай болж эхэлсэн байгаа. Өнөө өглөөний агаарын чанарын индексийн үзүүлэлтүүдийг мэргэжилтнүүд судалж үзэхэд хотын бүх цэгт агаар бага зэрэг бохирдолтой гэж гараад байгаа. Энэ нь ОХУ улсад их хэмжээний ойн түймэр гарсантай шууд холбоотой гэж үзэж байна" гэв.
-ОХУ-Д ГАРСАН ТҮЙМЭР ХОЁР САЯ ГАРУЙ ГА ТАЛБАЙГ ХАМАРЧЭЭ-
Өнөөдрийн байдлаар ОХУ Сибирийн Красноярск, Якутск, Эрхүү, Уралын нуруу, Волга голын саваар гарч буй гал түймэр хоёр сая гаруй га талбайг хамарчээ. Нэн ялангуяа 784 мянга орчим га зэрлэг тундрийн, мөнх цаст нутаг сүйдэж буй нь байгальд нөхөн сэргээгдэшгүй их гарз болж байгаа юм.
Сибирь хот нь сүүлийн хэдэн жилийн ган, хуурайшилт, түймрээс болж хуш, нарс, шинэс моднууд үнс болон хувирч байна. Тухайн бүс нутагт хүн бараг суурьшдаггүй, түймэр хүмүүсийн суурин, стратегийн байгууламжид хүрэхгүй гэдгийг нутгийн удирдлагууд хэлсэн бөгөөд түймрийг унтраах зардал хэт их гарна хэмээн үзжээ.
Долоодугаар сарын 25-ны байдлаар
- Красноярск муж - 906,344 га шатаж байгаагийн 24,178 га нь бүрэн
- Якутск (Саха Бүгд Найрамдах Улс) - 784,909 га шатаж буйгаас 865 га
- Эрхүү муж - 499,443 га-гаас 120,262 га,
- Буриад - 45,097 га-аас 992 га,
- Ханты-Мансий автономит муж - 22 га тэр чигээрээ
- Забайкала муж - 17 га-гаас 1 га,
- Тюмень муж – 1 га газар нөхөн сэргээгдэхгүйгээр устаж үгүй болох төлөвтэй байгаа аж.
Түймрийн утаа Новосибирск, Екатеринбург зэрэг хотуудыг хамарч Томск, Кемерово хотууд тав дахь өдрөө нар үзсэнгүй. Үүний улмаас цусны даралт ихсэх, толгой өвдөх, амьсгал давчдах зэрэг зовиур илэрсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна.