Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд 2024 онд байгуулсан гэрээний дагуу АНУ-ын Boeing компаниас Boeing 737-8 MAX загварын шинэ агаарын хөлгийг 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авлаа.
Монгол төрийн их хаадын нэг Өгөдэй хааны нэрээр нэрлэсэн уг хөлөг МИАТ ТӨХК-ийн нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж буй хоёр дахь Boeing 737-8 MAX онгоц болж байна. EI-MGT бүртгэлийн дугаартай тус агаарын хөлөг нь 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдвэрээс гарсан бөгөөд бизнес ангиллын 12, эдийн засгийн ангиллын 156, нийт 168 зорчигчийн суудалтай, 6,570 км хүртэлх нислэгийн алслалттай. Ойрын болон дундын зайн нислэгт ашиглахад тохиромжтой энэхүү загвар нь шинэ үеийн LEAP-1B хөдөлгүүрээр тоноглогдсон, түлшний зарцуулалт, ашиглалтын үр ашгийг сайжруулсан орчин үеийн агаарын хөлөг юм.
Түлшний зарцуулалтыг цагт 400 кг-аар бууруулна Boeing 737-8 MAX агаарын хөлгийн нэг цагийн түлшний зарцуулалт ойролцоогоор 2,100 кг байгаа нь өмнөх үеийн Boeing 737NG загварын үзүүлэлттэй харьцуулахад цагт 400 кг-аар бага байна. Ийнхүү цагийн түлшний зарцуулалтыг ойролцоогоор 16 хувиар бууруулах нь нислэгийн үйл ажиллагааны зардлыг оновчтой болгох, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад эерэг нөлөөтэй юм. Бээжин, Сөүл, Токио, Бангкок зэрэг чиглэлийн олон улсын нислэгт ашиглана МИАТ ТӨХК шинэ агаарын хөлгөө Бээжин, Сөүл, Токио, Бангкок зэрэг чиглэлийн олон улсын нислэгүүдэд ашиглахаар төлөвлөж байна. Boeing 737-8 MAX загварыг сонгохдоо нислэгийн сүлжээ, нислэгийн алслалт, зорчигчдын тав тух, түлшний хэмнэлт болон эдийн засгийн өгөөжийг харгалзан үзжээ. Мөн нэг үйлдвэрлэгчийн ижил төрлийн агаарын хөлгүүдийг ашиглах нь нислэгийн үйл ажиллагааны уялдаа, техникийн үйлчилгээ, ашиглалтын зохион байгуулалтад давуу талтайг тооцсон байна.
АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд Boeing 787-9 загварын агаарын таван хөлөг авахаар судалж байна.
МИАТ ТӨХК агаарын хөлгийн паркаа өргөжүүлэх, техникийн аюулгүй байдлыг сайжруулах, Монгол Улсаас АНУ-ын чиглэлд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд алсын зайн нислэг үйлдэх чадамжтай, өргөн их биет Boeing 787-9 загварын агаарын хөлөг таван ширхгийг авах боломжийг судалж байна.
Энэ хүрээнд АНУ-ын Boeing компанитай агаарын хөлгийн нийлүүлэлтийн хугацаа, санхүүжилт болон бусад нөхцөлийн талаар санал солилцож байгаа бөгөөд одоогоор энэ асуудал судалгаа, хэлэлцүүлгийн шатанд байна. DAE компанитай хамтран агаарын хөлгийг түрээсээр ашиглана Шинэ Boeing 737-8 MAX агаарын хөлгийг худалдан авах бус, агаарын хөлгийн түрээсийн DAE компанитай хамтран ажиллах замаар түрээслэн ашиглахаар болжээ. Энэхүү хамтын ажиллагаа нь МИАТ ТӨХК-ийн нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, агаарын хөлгийн паркын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
МИАТ ТӨХК ойрын болон дундын зайн нислэгийн хүчин чадлаа шинэ үеийн Boeing 737-8 MAX агаарын хөлгөөр нэмэгдүүллээ.
Мөн алсын зайн нислэгийн паркын өргөтгөлийн боломжийг судалж, олон улсын агаарын тээврийн зах зээлд өрсөлдөх чадвараа бэхжүүлэх, зорчигчдод үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэчлэлийн бодлогоо үе шаттай хэрэгжүүлж байна.