Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэрэлж голын усанд өчигдөр автомашин живжээ.
Тодруулбал, Улаанбаатараас зүүн зүгт 35 километрт орших ”Заан тэрэлж” гэдэг газар “Тэрэлж” голын усанд гурван зорчигчтой автомашин суусан тухай дуудлагыг долоодугаар сарын 30-ны өдрийн 05:21 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч 09:00 цагт тус газарт очиход “Хайлюкс” загварын суудлын автомашин усанд живсэн байдалтай, гурван зорчигч нь автомашины бүхээг дээр зогсож байжээ.
Зорчигчид 34 настай эрэгтэй, нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн харьяат иргэд бөгөөд алба хаагчид тэднийг аюулгүй газарт гаргасан ч, автомашиныг татан гаргах боломжгүй тул орхисон аж.