Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг энэ сарын 10-ны өдөр /2019.07.10/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн хэмээн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилчид мэдээлэл хийсэн билээ.

Тодруулбал, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Б.Батжаргалыг чөлөөлж, 2019 оны долдугаар сарын 10-ны Б/34 дугаартай тушаал гаргахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т заасан “Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа гэж тус дүүргийн эмч, мэргэжилтнүүд хэлсэн билээ.

Уг маргааны дуулиан дарагдаагүй байтал Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалыг мөн ажлаас нь чөлөөлсөн байна. Л.Жаргалыг чөлөөлөхдөө мөн л дүүргийн Засаг даргатай зөвшилцөж, албан тоот ирүүлээгүй байна.

Энэ талаар тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа өөрийн цахим хуудаснаа " Улс төрийн зорилгоор дахин нэг хууль бус томилгоо Баянгол дүүрэгт хийгдлээ. Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалыг дүүргийн Засаг даргатай зөвшилцөлгүй ажлаас нь чөлөөлөв.

Дүүргийн Боловсролын хэлтэс нь ажил үүргийн гүйцэтгэлээрээ Нийслэлдээ дээгүүрт ордог. Гэтэл хэлтсийн даргыг ажлаас чөлөөлсөн талаар одоог хүртэл Дүүргийн Засаг даргатай зөвшилцөж, мэдэгдэж, албан тоот ирсэнгүй. Хэдхэн хоногт удаа дараа хууль бус томилгоонууд хийгдэж байгаа нь МАРГААШ ХЭНИЙГ ХАЛАХ бол гэсэн хардалт төрүүлж байна" гэжээ.