ВИДЕО: А.Навальный өөрийг нь хордуулах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг илчлэв

ВИДЕО: А.Навальный өөрийг нь хордуулах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг илчлэв

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн наймдугаар сард Омск хот руу нисэх замдаа ухаан балартаж, яаралтай ослын буултаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүний биеийн байдал маш муу байсан тул Герман улс руу эмчилгээнд явж, сэхээнд багагүй хугацааг өнгөрөөсөн. Хожим түүнийг “новичок” хэмээх Зөвлөлтийн үеийн хүчтэй хороор хордуулсан болохыг Германы талаас нотолж, энэ үйл явдал одоо ч дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна. А.Навальныйгийн зүгээс үүний цаана Ерөнхийлөгч В.Путинг байгаа хэмээн мэдэгдэж байгаа бол В.Путин үүнийг эрс няцааж буй.

Тэгвэл А.Навальный өөрийг нь хэрхэн хордуулсан баримтыг илчилсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тодруулбал, А.Навальный, Их Британийн эрэн сурвалжлах мэдээллийн сайт “Bellingcat”-ын сэтгүүлчидтэй хамтран мөрдлөг явуулжээ. Ингэхдээ тэр ОХУ-ын аюулгүй байдлыг хамгаалах албаны хорт бодисоор мэргэшсэн элит багийнхан руу дуу хоолойгоо өөрчилж ярьсан байна.

Түүнчлэн өөрийгөө хордлогын ажиллагаанд дүн шинжилгээ хийх үүрэг бүхий ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн/ FSB/ ахлах албан тушаалтан хэмээн танилцуулж, хордуулах үйл ажиллагааны талаар тэднээс асуужээ. Энэ үеэр А.Навальный Константин Кудрявце гэх элит багийн гишүүн рүү залгахад тэр болсон явдлыг ярьсан байна.

Навальный утасны дугаараа FSВ-ийн нууцлал бүхий дугаар болгон өөрчилж залгахад Константин Кудрявце гэх хүн түүнд итгэжээ. Тэд 45 минутын турш ярилцсан бөгөөд А.Навальныйд хордуулах үйл ажиллагаанд хэн оролцсон хийгээд ямар аргаар, яаж түүнийг хордуулсан талаар ярьсан байна.

Константин Кудрявце

Навальный: “Түүнийг /өөрийг нь/яаж хордуулсан бэ, хамгийн эрсдэлтэй зүйл юу байв? гэхэд  Кудрявцев: “Дотуур өмдний гуя хэсэгт хорыг шингээсэн. Гуяны арьс нимгэн тул тэр хэмжээгээрээ хорыг арьсанд хурдан шингээдэг” гэж хариулсан байна.

Үргэлжлүүлэн Навальный “Хорыг буруу тунгаар хийсэн байх магадлалтай юм гэж шууд тулгаж асуухад “Бид тунг харин ч нэмж хийсэн. Хэрэв Навальный шууд Москва руу ниссэн бол үхэх байсан. Учир нь Москва хүртэлх нислэг 3 цаг үргэлжлэх тул тэр аль хэдийн үхчихсэн байх байсан” гэжээ. 

Кудрявцев нь хими биологийн зэвсгийн мэргэжилтэн бөгөөд Оросын Химийн Батлан хамгаалах академийн Москва дахь салбар сургуулийг төгссөн байна. Мөн түүнийг Батлан хамгаалах яамны биологийн аюулгүй байдлын судалгааны 42-р төвд ажиллаж байсныг” Bellingcat” нотолжээ.

Хордуулах үйл ажиллагаанд оролцсон хүмүүс /CNN/

Мөн Кудрявцев А.Навальныйг хордуулсны дараа ул мөрөө арилгах үйл ажиллагаанд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Германы "Der Spiegel" сэтгүүл болон Оросын "Инсайдер" сайт “Bellingcat” болон CNN-ийн явуулсан мөрдөн байцаалтын үеэр Кудрявцев А.Навальныйг хордлогод орсноос тав хоногийн дараа буюу наймдугаар сарын 25-нд Омск руу ниссэн болохыг тогтоосон аж.

“CNN” агентлаг, “Bellingcat”-ийн хийсэн мөрдөн байцаалтын явцад уг үйл ажиллагаанд хорт болон мэдрэлийн бодисоор мэргэшсэн Оросын тагнуулын багийн зургаан гишүүн байгааг тогтоосон байна. Харин Путин болон Оросын бусад албан тушаалтнууд тус хамтарсан мөрдөн байцаалтыг барууны тагнуулын байгууллагуудын зохион байгуулсан кампанит ажил хэмээн мэдэгджээ.

ТҮҮНИЙ УТСААР ЯРЬСАН ВИДЕО:

Эх сурвалж: CNN, Guardian