Ш.Алтантуяаг хөнөөх тушаал өгсөн гэх Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак нэр төрөө сэргээлгэх хүсэлт гаргажээ

Ш.Алтантуяаг хөнөөх тушаал өгсөн гэх Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак нэр төрөө сэргээлгэх хүсэлт гаргажээ

Одоогоос 14 жилийн өмнө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад хэрцгийгээр хөнөөгдөж амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэрэг өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй бөгөөд талийгаачийн гэр бүл өнгөрсөн онд Малайзын Засгийн газраас 100 ринггит буюу 27 сая ам.долларын нөхөн төлбөрийг нэхэмжилж дахин тус улсын шүүхэд хандсан юм.

Тухайн үед өдгөө Малайзын шоронд хоригдож байгаа Азилах 2019 оны сүүлээр аллагыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын заавраар гүйцэтгэсэн гэдгээ илчилж, дахин шүүлгэх хүсэлт гаргасан.

Харин өнгөрсөн долоо хоногт шүүхээс Азилахын нэхэмжлэлийг хэлэлцэхээс татгалзаж, цаазаар авах шийдвэрээ хэвээр үлдээсэн байна.Тэгвэл Ерөнхий сайд асан Нажибын өмгөөлөгч Азилахыг нэр хүндэд нь халдсан, гүтгэсэн хэргээр шүүхэд өгөхөө мэдэгджээ.

Түүний өмгөөлөгч “Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэг шүүхээр шийдэгдээгүй байсан тул Ерөнхий сайд асан Нажиб Азилагийн нэхэмжлэлийн талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй байсан. Харин шүүхээс түүний хүсэлтийг няцааж, цаазаар авах ял оноох шийдвэрээ хэвээр үлдээсэн тул одоо ноён Нажиб нэр төрөө сэргээх боломжтой боллоо” гэжээ.

Ерөнхий сайд асан Нажиб

Түүнчлэн Нажиб шүүх хурлын дараа 500 орчим хүнтэй сүмийн цуглаанд очиж “Би хэзээ ч Шаарийбуугийн Алтантуяа гэдэг Монгол Улсын иргэнийг алах тушаалыг хэн нэгэнд өгөөгүй. Талийгаачтай хэзээ ч уулзаж байгаагүй, танихгүй" гэж хэлжээ. Тэрээр мөн 11 жилийн өмнө Пенанг хотын Букит Мертажам дахь сүмд тангараг өргөж, “талийгаач Ш.Алтантуяаг огтоос танихгүй, би тийм хэрэг хийгээгүй” гэж хэлж байсан аж.

Өмнө нь цагдаагийн офицер байсан Азилах нь тухайн үед Ерөнхий сайд асан Нажибын бие хамгаалагчаар ажиллаж байсан гэх ба өөрийн хамтрагч мөн цагдаагийн офицер байсан Сирул Азхар Умарын хамт 2006 онд Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 13-нд Малайзын холбооны шүүхээс цаазын ял сонссон юм.

Сирул Азхар шүүх хурал болохоос өмнө Малайзаас дүрвэж, өнөөдрийг хүртэл Австралид амьдарч байгаа юм. Тэрбээр өнгөрсөн 2019 онд Малайз улсаас улс төрийн орогнол хүссэн ч тус улс түүний хүсэлтийг хүлээж аваагүй билээ.

Хэргийн гол сэжигтнээр хоригдож буй Азилах өнгөрсөн онд анх удаа шүүхэд “Талийгаач Ш.Алтантуяаг Ерөнхий сайд асан Нажиб буудаж тушаал өгсөн” гэж мэдэгдэж байсан юм. Шүүхээс Азилахыг цаазаар авах ял оноосон шийдвэрээ хэвээр үлдээсэн тул одоо түүнд Селангор султанаас “хааны өршөөл” гуйх ганц л арга үлдээд байгаа аж.

Эх сурвалж: Dailyexpress, FreeMalaysiaToday