Өмнөд Солонгост 184 шоронгийн хоригдлоос коронавирусийн халдвар илэрчээ

Өмнөд Солонгост 184 шоронгийн хоригдлоос коронавирусийн халдвар илэрчээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 1,097 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн таван өдөр дараалан тус улсад 1,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдсээр байна.

Харин өнөөдөр тус улсын Эрүүл мэндийн газраас “шоронгийн 184 хоригдол, нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрч” томоохон голомт үүссэн талаар мэдээллээ. Тодруулбал, Сөүл хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг шоронд халдварын томоохон голомт үүсчээ.

Авлигын хэргээр ял сонссон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мюн Бак энэ шоронд хоригдож байгаа бөгөөд ерөнхийлөгчийн шинжилгээний хариу сөрөг гарсныг албаныхан мэдээлсэн байна. Мөн шоронгоос гадна тус улсын Чонжү хотын асрах газрын 61 хүнээс шинээр халдвар илэрсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсээр байгаа юм.

Эх сурвалж: Yonhap