"Аравт" морин цэргийн олон улсын уралдаанд улс бүрийг ижил зүсмийн морьтой оролцуулна

"Аравт" морин цэргийн олон улсын уралдаанд улс бүрийг ижил зүсмийн морьтой оролцуулна

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд энэ жил анх удаа "Аравт" морин цэргийн олон улсын уралдаан ирэх сарын 3-8-нд Монгол Улсад болох гэж байна.

"Аравт"-д Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс үндсэн оролцогчоор, БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцох юм.

Манай улс энэхүү уралдааныг зохион байгуулснаар цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, нүүдэлчин ахуй соёл тэр тундаа монголчуудын морь эзэмшиж ашиглах соёл, уламжлалыг олон улсад сурталчлах боломж нээгдэх аж.

"Аравт" олон улсын морин цэргийн уралдаан эхлэхэд 11 хоног үлдээд байна. Уралдаанд оролцох Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчид  унах морьдоо сонгожээ.

Уралдааныг будлиангүй, шударга, ил тод явуулахын тулд зүс ижилссэн мориор уралдуулах шийдвэрийг ЗХЖШ-аас гаргаж морьдыг сонгох ажлыг зохион байгуулсан байна.

Морьдыг зүүн гурван аймгаас сонгон шилж, худалдаж авсан бөгөөд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан уналгад бэлдэх, арчлах тордох, номхруулах үүргийг гурван сарын туршид гүйцэтгэжээ. Уналгад бэлтгэсэн морьдыг зүс зүсээр нь ижилсүүлэн, оролцогч орнуудын багийн ахлагч нараар сугалуулсан байна. Сугалаа ёсоор Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьдыг сугалж, уралдаандаа оролцохоор болжээ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө