Онгоцны үйлчлэгчдийг нэг удаагийн живх ашиглахыг зөвлөжээ

Онгоцны үйлчлэгчдийг нэг удаагийн живх ашиглахыг зөвлөжээ

Коронавируст цар тахалтай холбогдуулаад дэлхий даяар тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд болоод ажилтнуудыг аюулгүй байдлаа хамгаалахыг уриалж байгаа. Тэр дундаа нислэгийн компаниуд зорчигчид, багийн гишүүдийн аюулгүй байдалд анхаарч нэг удаагийн бээлий, амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэлийг санал болгож, зарим нислэгийн компани дээрх дүрэм журмыг албадан хэрэгжүүлж байна.

Тэгвэл БНХАУ-ын иргэний агаарын тээврийн газраас өнгөрөгч 11 дүгээр сарын 25-ны өдөр нислэгийн аюулгүй байдлыг хангах дүрэм журмыг шинээр баталжээ. Нислэгийн компаниуд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих техникийн зөвлөмжид нисэх буудал, нисэх онгоцны ажилтнууд ариун цэврийн дэглэмийг сайтар баримтлах ба онгоцны үйлчлэгчдэд нэг удаагийн том хүний живх хэрэглэхийг зөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл онгоцны ариун цэврийн өрөөг ашиглалгүй живх ашиглах нь халдвар авах эрсдэлийг бууруулна гэж үзжээ.

Үнэн хэрэгтээ онгоцны ариун цэврийн өрөө хамгийн бохир буюу элдэв төрлийн нян, бактери ихээр цугласан газар гэдэг нь нууц биш юм. Өнгөрсөн наймдугаар сард Итали улсаас Өмнөд Солонгос руу нисч байсан эмэгтэй аяллынхаа үеэр нисэх онгоцны ариун цэврийн өрөө ашиглаж, тэндээс коронавирусийн халдвар авсан байна. Эмэгтэй аяллынхаа туршид N95 амны хаалтыг зүүсэн ч амны хаалтаа авсан ганц газар нь онгоцны ариун цэврийн өрөө ажээ.

Эх сурвалж: CNN