БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдварын талаар сурвалжилсан Зань Жан хэмээх сэтгүүлчид өнгөрсөн 11-дүгээр сард таван жилийн хорих ял оноосон талаар “BBC” агентлаг мэдээлж байсан талаар www.isee.mn орчуулан хүргэсэн. Учир тус сэтгүүлч Жан өнгөрсөн хоёрдугаар сард Ухань руу явж, халдварын нөхцөл байдлын талаар мэдээлсэн юм. Үүний дараа буюу тавдугаар сард тэрээр сураггүй алга болсон бөгөөд хэдэн хоногийн дараа Шанхай хотод баривчлагдсан мэдээг гэрийнхэн нь хүлээн авсан байдаг. Яллах дүгнэлтэд түүнийг “WeChat, “Twitter”, “YouTube” зэрэг платформуудаар дамжуулан текст, видео, бусад хэлбэрээр олон нийтэд хуурамч мэдээлэл түгээсэн" гэжээ.
Сэтгүүлч Жан өөрийг нь баривчилсан явдлыг эсэргүүцэж хэд хэдэн удаа өлсгөлөн зарласан юм. Гэтэл түүнд гуурс суулгаж, хүчээр хооллож байгаа аж.
Энэ талаар түүний өмгөөлөгч өчигдөр/2020.12.10/ өөрийн блогоороо дамжуулан мэдээлжээ. Өмгөөлөгчийн хэлж буйгаар сэтгүүлчийн бие сульдаж, нэлээдгүй муудсан байсан гэнэ. Түүнчлэн “толгой эргэх, хүчтэй хатгуулах, ходоод, хоолой нь өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илэрч байгаа аж. Энэ нь ходоодны гуурс хийснээс үүдэлтэй үрэвсэл байж болзошгүй юм” гэж үзэж байгаа юм байна.
Зань Жаны гэр бүл, найз нөхөд нь түүнийг өлсгөлөнгөө зогсоохыг ятгасан боловч амжилтад хүрээгүй байна. Түүний хэлснээр 12 дугаар сард дахин шүүх хурал болно гэж найдаж байсан ч Засгийн газраас яллах дүгнэлт хийх тушаал ирүүлсэн аж.
Сэтгүүлч Зань Жан вирусийн голомт болж байсан Ухань хотын талаар мэдээлсэнийхээ төлөө асуудалд орооцолдсон анхны сэтгүүлч биш юм. Учир нь өнгөрсөн хоёрдугаар сард Уханийн талаар сурвалжилга бэлтгэсэн гурван сэтгүүлч сураггүй алга болсон аж. Тэдний нэг болох Ли Зехуа дөрөвдүгээр сард “хорио цээрийн дэглэм мөрдүүлсэн” гэж гарч ирсэн бол үүний дараа сэтгүүлч Чен Циушийг засгийн газрын хяналтанд байлгаж байсан гэсэн тайлбартайгаар суллажээ. Харин гурав дахь сэтгүүлч Фан Бин одоог хүртэл сураггүй байгаа юм.
Эх сурвалж: Guardian