Японы шуудангийн ажилтан 1.2 сая ам.доллартай тэнцэх марк завшжээ

Японы шуудангийн ажилтан 1.2 сая ам.доллартай тэнцэх марк завшжээ

Японы Осака мужийн Сакай хот дахь шуудангийн салбарын менежер Тайсуке Кавасаки 130 сая иен буюу 1.2 сая гаруй ам.доллартой дүйцэх шуудангийн марк завшсан нь ил болж, ажлаасаа халагджээ.

Тус шуудангийн салбараар үйлчлүүлдэг компаниуд нэг дор их хэмжээний захидал илгээхдээ шуудан болгон дээрээ марк наахын оронд их хэмжээний марк худалдаж аваад, хаядаг болохыг Кавасаки анзаарсан гэнэ. Ингээд тэрээр 2017 оны есдүгээр сарын орчимд эдгээр маркийг хаяхын оронд өөртөө хадгалахаар шийдсэн байна.

Дараа нь тэрээр хадгалсан маркнуудаа тээврийн тасалбар, бэлгийн гэрчилгээ, шуудангийн бараа гэх мэт эд зүйлийг дахин борлуулах чиглэлээр мэргэшсэн "Тасалбарын дэлгүүр"-үүдэд зарсан аж. Кавасаки 2018 оны зургадугаар сар хүртэл тус бүр нь мянган иен буюу 9.6 ам.долларын үнэтэй 130 мянган ширхэг маркийг завшсан байна.

"Тасалбарын дэлгүүр"-үүд бараануудаа арай хямд үнээр худалдаж авдаг тул Кавасаки эдгээр маркаас 120 орчим сая иений орлого олсон гэж тогтоогджээ. Ийнхүү Кавасаки хэтэрхий их марк дахин зарсан байсан учир Үндэсний татварын газраас түүний ажилладаг салбарт хийсэн шалгалтын үеэр түүний хэрэг илэрсэн байна. Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад Кавасаки хэргээ хүлээсэн бөгөөд одоо түүнийг ажлаас нь халж, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Харин "Japan Post"-ийн холбогдох салбараас уучлалт гуйн, ийм гэмт хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Japan Today