Хууль бус сайтуудад “Covid-19” халдварын эсрэг вакцин зарж эхэлжээ

Хууль бус сайтуудад “Covid-19” халдварын эсрэг вакцин зарж эхэлжээ

Нууц, хууль бус сайтууд буюу “Dark web” дээр аль хэдийн Covid-19 өвчний эсрэг вакцин зарж эхэлжээ.

Их Британид өчигдөр “covid-19” халдварын эсрэг вакцинжуулалтаа албан ёсоор эхлүүлж, эхний ээлжинд 80 болон түүнээс дээш насныхан, хөгшчүүдийн асрамжийн газрынханд вакцин тарьж эхэлж байгаа билээ.

Харин халдвар авах эрсдэл багатай хүмүүс 2021 оны эхээр вакцинжуулалтад хамрагдах аж. Гэтэл хууль бус сайтууд дээр Pfizer компанийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг 1300 ам.доллараар худалдах зар тавьж, дэлхийн хаана ч хүргэнэ хэмээжээ.

Сиднейн эмнэлзүйн сургууль, Чарлес Перкинсийн төвийн профессор Барбара Минтзесийн хэлснээр цар тахлын эсрэг вакцинууд их эртнээс хууль бус сайтууд дээр зарагдаж эхэлсэн гэнэ. Тэрбээр “Энэ бол маш эрсдэлтэй наймаа. Энгийн, хууль ёсны сайтуудаас худалдан авахтай харьцуулахад хууль бус сайтаас худалдаж авсан бараа баталгаагүй. Түүнээс гадна Pfizer-ийн вакциныг -70 хэмд хадгалах ёстой байдаг. Харин хууль бус наймаачид вакциныг зохих ёсоор хадгалсан эсэх нь эргэлзээтэй. Мөн тэднээс худалдан авах нь ихэвчлэн хууль бус байдаг. Түүнээс гадна тус наймаа үнэндээ луйвар байж магадгүй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC