Эхнэртэйгээ муудалцсан эр уурандаа 450 км газар алхжээ

Эхнэртэйгээ муудалцсан эр уурандаа 450 км газар алхжээ

Итали улсад хөл хорио тогтоогоод буй энэ цаг үед олон нийтийн анхаарлыг татсан нэгэн үйл явдал болжээ. Тодруулбал, 48 настай эрэгтэй эхнэртэйгээ муудалцсаны дараа уурандаа гэрээсээ гарч 450 км газар явган алхсан байна. Түүнийг оршин суудаг Комо гэх газраас явснаас нь хойш долоон хоногийн дараа Фано хотоос шөнийн 02.00 цагт цагдаа нар олж, зогсоожээ.

Цагдаа нар тус эрийг хорио цээрийн дэглэм зөрчсөн хэмээн 400 еврогоор торгосон байна. Энэ мэдээ Италийн цахим сүлжээгээр тархаж, хүмүүс түүнийг "Форрест Гамп" хэмээн нэрлэх болжээ.

Нийгмийн сүлжээнд олон хүн түүний энэ үйлдлийг зоригтой, баатарлаг гэж бичсэн бөгөөд цагдаа нар торгууль оноосныг нэлээдгүй шүүмжилсэн байна. Түүнчлэн уур хилэнгээ өөр хэлбэрээр гаргаж буйг нь магтан, түүнд шинэ гутал авч өгөх санал гаргасан хүмүүс ч байсан гэнэ.

Нэрийг нь нууцалсан тус эр цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ “Би гэрээсээ явганаар энд ирсэн. Ямар ч тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Замдаа надад хоол, ундаа санал болгосон хэдэн хүнтэй л таарсан. Би зүгээр л жаахан ядарч байна” гэжээ. Тус эр өдөрт 60 км замыг явганаар туулсан байна. Түүний нийт явсан зам нь Улаанбаатараас Архангай орох хэмжээний зайтай газар аж. 

Түүний туулсан зам

Эх сурвалж: BBC