Японд төрөлтийг дэмжих чиглэлээр хүмүүсийг хосоо олоход туслах хиймэл оюун бүхий схемийг ашиглахаар болжээ. Тус улсад өнгөрсөн жил төрөлт 865 мянга болсон нь түүхэнд байгаагүй доод үзүүлэлт болсон юм. Тиймээс Японы Засгийн газраас ирэх жил орон нутгийн удирдлагуудад төрөлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр 2 тэрбум иен /19 сая ам доллар/ олгохоор болжээ.
Орон нутгийн захиргаанууд төрөл бүрийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн бөгөөд үүний дунд хүмүүсийг хооронд нь танилцуулах зорилготой хиймэл оюун ухааныг ашиглахаар хэд хэдэн захиргаа төлөвлөөд байна.
Хиймэл оюун ухааны системд хүмүүс өөрийнхөө дэлгэрэнгүй мэдээллийг илгээх бөгөөд тус мэдээлэлд анализ хийсний эцэст таалагдсан хүнтэйгээ холбоо тогтоож, танилцах боломжтой аж.
Одоо хэрэглэгдэж буй цөөн хэдэн системүүд нь орлого, нас гэх мэт цөөн хэдэн шалгууруудыг л илгээдэг тул хүмүүс төдийлөн ханддаггүй байна. Тиймээс шинэ систем нь тухайн хүний хобби, үнэт зүйл, зан ааш гэх мэт үзүүлэлтүүдийг харгалзан үзэх гэнэ.
Эх сурвалж: BBC