НҮБ: Цар тахлын үед улс төрийн хоригдлуудыг суллах ёстой

НҮБ: Цар тахлын үед улс төрийн хоригдлуудыг суллах ёстой

Дэлхийн олон оронд цар тахлын үед шоронгийн нөхцөл  хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тийм ч учраас хоригдлуудыг ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, батлан даалтад гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах зэргээр шийдэж байна.

НҮБ-аас ч цар тахлын үед хүний эрхийг нэн тэргүүнд тавихыг уриалж байгаа юм. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар хатагтай Мишель Бачелет цар тахлын үед хоригдлуудыг суллах улс орнуудын шийдвэрийг сайшаагаад хамгийн түрүүнд суллагдах ёстой хүмүүс бол “Хангалттай хэмжээний нотлох баримтгүйгээр, эрх баригчдыг шүүмжилсэн, үзэл бодлын зөрүүтэй байдлын улмаас саатуулагдсан, ялангуяа улс төрийн хоригдлууд” юм гэдгийг онцолжээ.  Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч “Эрх чөлөөгөө ямар нэг байдлаар хасуулсан хүмүүсийн эрүүл, аюулгүй байх эрхийг нь тухайн улс орон хангах ёстой” гэж заасан байдгийг тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна.

Дэлхийн улс орнуудын хувьд зарим хөнгөн ялтай хоригдлуудыг ялаас бүр мөсөн чөлөөлөх, улс төрийн хоригдлууддаа өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Мөн зарим улсууд хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах, хүн хүчний дутагдалд орсон үйлдвэрүүдэд ажиллуулах /амны хаалт, хамгаалах хэрэгсэл, гар ариутгагчийн үйлдвэр/ зэргээр шийдэж байна. АНУ-ын шоронгууд гуравдугаар сараас коронавирусийн халдвар дэгдэхээс сэргийлэх үүднээс хоригдлуудаа суллаж эхэлсэн. Анагаах ухааны мэргэжилтнүүд шоронгийн хоригдлууд нь шинэ коронавирусийн халдвар авах, дамжуулах өндөр эрсдэлтэйг анхааруулсны дараа тус улсын өнцөг булан бүрт байрлах шоронгууд хоригдлуудаа суллах шийдвэрийг ар араасаа гаргасан юм. Хоригдлууд болон харгалзагчдын дунд ч халдвар тархаж эхэлсэн нь уг шийдвэрийг гаргахад хүргэсэн билээ.

Эх сурвалж: Vox