Бороо хур ихтэй дэлгэр зуны өдрүүд үргэлжилж байна. Хур бороо ихтэй зун “Найрамдал”-ын эргэн тойрон битүү зөөлөн ногоон зүлэг болж, өнгө өнгийн цэцэг навчинд дарагдан үзэсгэлэнг нэмжээ. Хуртай өдөр уулын моддын дээгүүр битүү цагаан манан хөшилдөн татаж байгалийн үзэсгэлэнг цогцлооно. Ийм байгалийн үзэсгэлэн дунд зөөлөн ногоон зүлгэн дээр хүүхдүүд тоглоомын өртөөгөөр аялаад дуу шуутай бужигнацгаах аж.
-ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖААС 42 СУРАГЧ, ЗУРГААН БАГШ УРИГДАН ИРЖ АМАРЧ БАЙНА-
Эл хүүхдийн амралтын зусланд олон орны, олон үндэстэн хүүхэд багачууд цуглан, зуны улиралд дуу шуу хадааж, баяр хөөрөөр бялхуулна. “Найрамдал” цогцолборт монгол сурагчдаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Япон, БНСУ, Канад, АНУ, Турк, Польш, Өмнөд Солонгос зэрэг арав гаруй улсын 600 гаруй хүүхэд амардаг.
Энэ зун ялангуяа Орос улсаас ирсэн хүүхэд багачууд олон байгаа юм. Тодруулбал, ОХУ-ын Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас өнгөрсөн сарын 27-нд Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаж, иргэд нь ихээхэн хохирол амссан. “Гадаадад төгсөгчдийн холбоо”-ныхон үерийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх уриалга гаргасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Нижнеудинск болон Тулун районы 42 хүүхэд, багш нарыг олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амрааж буй юм. Тэд “Оргил” бүлэгт амарч байгаа бөгөөд энэ сарын 16-нд ирсэн билээ. Улмаар ирэх сарын 25-нд нутаг буцах аж. Ингэхдээ тус төвд наймдугаар сарын 01 хүртэл байрлаад, үргэлжлүүлэн “Эрдэнэтийн ГОК”-ийн зусланд 20 гаруй хоног амрахаар болжээ.
-НИЖНЕУДИНСКТ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНД БАЙГАА Ч МОНГОЛД ИРСЭН ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ДЭЭРДЭЖ БАЙНА-
Манай улсад ирээд зусланд амарч байх хугацаандаа эх нутагтаа тохиолдсон байгалийн гамшиг, хар бараан дурсамжаа мартаж үеийн олон хүүхдүүдтэй тоглож хөгжилдөж байгаад буцах зорилготой. Тэднийг нийслэл Улаанбаатар хоттой танилцуулж, түүх соёлын олон дурсгалт газруудыг үзүүлж сонирхуулж буй аж. Өчигдөр гэхэд л Чингис хааны хөшөөт цогцолбор болох “Цонжин болдог”-т аваачжээ.
Эрхүү мужаас ирсэн хүүхдүүдийн төлөөлөл “Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт ирээд маш сайхан байна. Үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бүх зүйл хуваарийн дагуу явагдаж байгаа. Тэдгээр нь маш сонирхолтой. Өглөө босоод цайгаа уучхаад, дасгал хийдэг. Энд амарч буй хүүхдүүд болон багш нар биднийг зочломтгой хүлээж авсан” хэмээн ярьцгааж байна. Хүүхдүүдийн амьдардаг Нижнеудинскт нөхцөл байдал маш хүнд байгаа бгөөд онцгой байдал зарласан тухай зарим нь дурдаж байгаа юм. Мөн олон хүн дүрвэж, өөр газар руу нүүсэн байна. “Ар гэрийн нөхцөл байдал хүнд байгаа ч хүүхдүүд “Найрамдал”-д ирээд сэтгэл зүйн хувьд дээрдэж, хар бараан дурсамжаа санах сөхөөгүй хөгжилдөж байна. Зарим нь бүр гитар хөгжмийн хөтөлбөрт хамрагджээ. Оросоор чөлөөтэй ярьдаг Монгол хүүхдүүд байгаа болохоор төвөггүй ойлголцдог” гэв.
“Гадаадад төгсөгчдийн холбоо”-ныхон “Хүүхдүүд хэдий үерийн уршгийг ойроос мэдэрсэн боловч одоо сэргэлэн, цовоо, хөгжилтэй байна. Монгол найзуудтай болж, өдөр бүрийг зугаатай, дурсамжтай өнгөрөөж байна. Бид ч үүнд тусалж байна” хэмээн дурджээ. Мөн тус холбооныхон хоёрдугаар ээлжийн хүүхдүүдийг "Найрамдал"-д ирүүлж амраах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
-ҮЕРИЙН ГАМШИГТ НЭРВЭГДСЭН ХЯТАД, СОЛОНГОСЫН ХҮҮХДҮҮД ИРЖ АМАРЧ БАЙВ-
2013 онд наймдугаар сард БНХАУ-ын Ляонин мужийн Фу Сунь хотод үер усны гамшиг нүүрлэж, тус бүс нутгийн ард иргэдэд их хэмжээний гарз хохирол учирсан юм. Тухайн үед манай улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг 2013 оны аравдугаар сард тус мужид айлчлал хийх үеэрээ, хүүхэд залуучуудтай уулзаж, гамшигт нэрвэгдсэн бүсийн хүүхэд, багачуудыг Монгол Улсад зочилж, амрахыг урьж байв. Ерөнхий сайдын урилгаар Ляонин мужийн 100 хүүхэд олон улсын “Найрамдал” зусланд амарч байсан билээ.
Мөн үерт нэрвэгдсэн Солонгосын хүүхдүүд ч ирж амраад буцаж байжээ.