ВИДЕО: Марадонагийн оршуулгын үеэр фенүүд нь үймээн самуун дэгдээжээ

ВИДЕО: Марадонагийн оршуулгын үеэр фенүүд нь үймээн самуун дэгдээжээ

Аргентины хөлбөмбөгийн домог, дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Диего Марадона зүрхний өвчний улмаас 60 насандаа таалал төгсөж улс даяар гурван хоногийн гашуудлыг зарлаад байгаа билээ.

-ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭХЭЭС СЭРГИЙЛЖ ОРШУУЛАХ ЁСЛОЛ ХЭДЭН ЦАГТ ЭХЛЭХИЙГ УЛС ДАЯАР НУУЦАЛЖ БАЙСАН Ч ХЭДЭН МЯНГАН ФЭНҮҮД НЬ ХЭДИЙН ЦУГЛАРСАН БАЙЖЭЭ-

Өчигдөр түүний оршуулах ёслол Аргентины Буэнос-Айрес дахь Ерөнхийлөгчийн ордонд болж өнгөрсөн бөгөөд олон мянган хүн түүнтэй салах ёс гүйцэтгэхээр цугларчээ. Зарим нь түүний шарил руу хэт их ойртох гэж эмх замбараагүй байдал ч үүсгэсэн байна. Марадонагийн модон хайрцагтай шарил Ерөнхийлөгчийн Тамгын газрын гол үүдний танхимд Аргентины туг, үндэсний шигшээ багийн 10 дугаартай өмсгөлийн хамт байрлах бөгөөд нулимс дуслуулан хажуугаар нь өнгөрөх зочид багийнх нь туг, өмсгөл зэргийг түүний хажууд орхин явж байв.

Түүний оршуулах ёслол хэдэн цагт эхлэхийг улс даяар нууцалж байсан хэдий ч хэдэн арван мянган фэнүүд ордны гадаа хэдийн цугларан хүлээж байсан юм.

Хамгийн эхэнд түүний охид, гэр бүлийн ойр дотны хүмүүс салах ёс гүйцэтгэв. Дараа нь 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан багийн хуучин нөхөд болон, Аргентины бусад алдартай хөлбөмбөгчид очив. Түүний дотор Оскар Руггери, Бока Хуниорсын Карлос Тевес нар байв. Харин түүн дээр очсон хамгийн анхны фен нь Нахуэль де Лима хэмээх суга таягтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан юм.  

-ТЭД ТӨМӨР ХАШААГ ДАВАХЫГ ОРОЛДОЖ, ЦАГДАА НАР ЛУУ ШИЛ, ЧУЛУУ ЗЭРГИЙГ ШИДЭН ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭСЭН БӨГӨӨД НУЛИМС АСГАРУУЛАГЧ ХИЙ АШИГЛАН ТЭДНИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙВ-

Харин ордны гадаа тэвчээргүй олон  мянган фэнүүд нь үймээн самуун дэгдээж байсан бөгөөд тэд цагдаа нар руу шил, төмөр зэргийг шидэж байв. Үүний зэрэгцээ тэд хашааг давж гаран цагдаа нар луу дайрахад тэд нулимс асгаруулагч хий ашиглан хязгаарлалтыг тогтоохоос өөр аргагүй болсон байна. Шарилын хажуугаар өнгөрч буй фенүүд нь үнсэлтүүдээ агаарт илгээж, цээжээ цохин "Диегог явуулъя" хэмээн хашгирцгааж байлаа. COVID-19 цар тахлын улмаас ихэнх иргэд амны хаалт зүүсэн нь харагдана. Мөн энэ үед ордны урд байрлах аварга том хар дэлгэцэн дээр Марадонагийн түүхэн зургуудыг харуулж байсан нь фенүүдийн зүгээс ирэх уй гашуудлыг улам нэмж байв.

Аргентины хөлбөмбөгийн домог, талийгаач Мароданагийн хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр тархинаас цусны бүлэгнэл авхуулах мэс заслыг амжилттай хийлгээд байсан юм.  Марадона 1986 онд Мексикт болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Аргентины шигшээ багийн ахлагчаар оролцон түрүүлсэн нь түүний оргил үе байжээ. Энэ тэмцээний хагас шигшээ тоглолтод тэр “Бурхны гар” хэмээх алдарт гоолоо Английн шигшээ багийн хаалганд хийж байв. Марадона Аргентины үндэсний шигшээ багт 91 удаа тоглохдоо 34 гоол хийж, дөрвөн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцож байжээ. Мөн тэрээр Испанийн Барселона, Италийн Наполи клубүүдэд тоглохдоо "Serie A" лигийн хоёр удаагийн аварга болж байсан юм. Дараа нь Марадона 2008-2010 онд Аргентины үндэсний шигшээ багийг дасгалжуулсан ч амжилт гаргаж чадаагүй байна. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Аргентин, Арабын Нэгдсэн Эмират, Мексик улсын клубүүдийг дасгалжуулж байжээ.

Дэлхий нийтээрээ халдварт өвчинтэй тэмцэж буй энэхүү цаг үед дэлхийн хөлбөмбөгийн одод Диего Марадонад хүндэтгэл үзүүлж, цахим хуудсаараа дамжуулан эмнэгэл илэрхийлж байна.