Португалийн язгууртан Доминик Жүүрисийн гэргий Т.Дариймаа гэж хэн бэ

Португалийн язгууртан Доминик Жүүрисийн гэргий Т.Дариймаа гэж хэн бэ

Хэд хоногийн өмнөөс цахим сүлжээнд Португалийн язгууртантай гэрлэсэн монгол бүсгүйн тухай мэдээлэл гарч, олон хүний анхаарлыг татсан юм. Бүсгүйг Төмөрийн Дариймаа/Дарима/ гэдэг бөгөөд “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банканд ажилд орсон анхны монгол хүнээр тодорч байжээ.

Тал нутагт төрж өссөн тэрээр Пенсильванийн их сургуулийн салбар сургуульд бизнесийн чиглэлээр сурч, төгссөнийхөө дараа “Goldman Sachs” банканд ажилд орж, анх Португалийн иргэн Доминиктэй ажлын шугамаар танилцсан аж. Ийнхүү хосууд анх танилцсанаас долоон жилийн дараа буюу энэ оны хоёрдугаар сарын 29-нд хуримаа хийжээ.

Тэдний хурим Португали улсын Синтра хотын Сетеаис хэмээх ордонд болсон бөгөөд хурим хоёр орны үндэсний уламжлалыг харуулсан тун өвөрмөц байдлаар зохион байгуулагджээ.

Сетеаис ордон нь 18-р зуун баригдсан бөгөөд  ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвд бүртгэгдсэн хосгүй түүхэн газар юм. Тус ордноос Португалийн байгаль, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг тольдож болохоос гадна нар жаргах үест хамгийн үзэсгэлэнтэй болдог. Сетеаис ордны жаврыг үргээн хосуудын хуримын үеэр морин хуур эгшиглэж, хөөмий, уран нугаралт зэрэг Монголын үндэсний уламжлалыг харуулсан үзүүлбэрүүдээр ирсэн зочдыг алмайруулжээ. Үүгээр зогсохгүй цам харайх үзүүлбэр хүртэл тоглогдсон байна.

Хурим болохоос өмнө Т.Дарима Монголд ирж ээжтэйгээ Чойжин ламын сүмийн хажууд алхаж явахдаа энэ чуулгын үзүүлбэрийг санамсаргүй хараад тэднийг Европ руу хуримдаа урьж авчрах санаа анх төрж байсан гэнэ.

Ийнхүү хоёр өөр ёс заншил уламжлалыг харуулсан өвөрмөц хурим Португалийн Сетеаис ордонд сүр дуулиантайгаар болжээ. Т.Даримагийн амьдралаа холбосон Доминик Жорис нь Португал гаралтай язгууртан гаралтай хүн бөгөөд 2016 оноос эхлэн “Bank Pictet & Cie (Asia) Limited”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд 2005 оноос хойш хэд хэдэн нэр хүндтэй албан тушаал хашиж байсан өндөр боловсролтой нэгэн юм. Тэрээр хамгийн сүүлд Азийн зээлийн капиталын зах зээл хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. Түүнчлэн ажлын карьераа дэлхийн хэмжээний “JP Morgan-д M&A” группээс эхэлж байжээ.

Харин Т.Дариймаа бүсгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын анхны эхнэр гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд явсан юм. Бид энэ талаар зарим эх сурвалжуудаас тодруулахад тус мэдээллийг худал гэв.