Монголоос хандивласан 30 мянган хонийг Хубэй мужид ажилласан эмч, ажилчдад өгөхөөр болжээ

Монголоос хандивласан 30 мянган хонийг Хубэй мужид ажилласан эмч, ажилчдад өгөхөөр болжээ

БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл Монгол Улсаас БНХАУ-д хандивласан 30 мянган хонины махыг Хубэй мужид “COVID-19”-тэй тэмцэхэд гар бие оролцсон эмнэлгийн ажилтнуудад өгнө гэж тус мужийн Худалдааны товчоо мэдээлжээ.

Тодруулбал, Хубэй мужид цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулсан эмнэлгийн ажилтнууд, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа нас барсан ажилтнуудын ар гэрийнхэн, улс орны өнцөг булан бүрээс Хубэйд ирсэн эмнэлгийн багийнханд хүргэх ажээ.

“Хубэйн оршин суугчид хандив өгсөнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж, хоёр ард түмний найрамдалт харилцааг гүнээ эрхэмлэж байна” гэж тус мужийн Худалдааны товчооны дарга Цинь Жунь хэлсэн байна.

Эх сурвалж: Xinhua