Их хэмжээний тотийг хуванцар саванд чихэж, хууль бусаар тээвэрлэж явжээ

Их хэмжээний тотийг хуванцар саванд чихэж, хууль бусаар тээвэрлэж явжээ

Индонезийн зүүн Папуа мужид саатсан усан онгоцноос хуванцар саванд чихсэн олон тооны  тоть олджээ. Цагдаагийн газрын мэдээлснээр шалгалтын явцад усан онгоцон дээр байсан том хайрцаган дотроос жигтэй дуу чимээ сонсогдсон учир хайрцагийг нээж үзэхэд амьд 64 тоть, үхсэн 10 тоть шувуу гарч ирсэн байна.

Сүүлийн үед Индонезид шувууны хууль бус наймаа газар авч эхэлжээ. Тус шувууд нь зах дээр болон хилийн чанадад хууль бусаар зарагддаг аж.

Орон нутгийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Додик Жунайди AFP агентлагт “бид жигтэй дуу авиа сонссон учраас хайрцаган дотор амьд амьтан байгаа гэж таамагласан. Тэднийг хаашаа авч явж байсан нь тодорхойгүй байна. Одоогоор баривчлах ажиллагаа хийгдээгүй байна” хэмээн мэдэгджээ.

Тус тотьнууд нь Шинэ Гвиней болон Номхон далайн баруун өмнөд хэсэгт орших арлуудын уугуул тотьны төрөл болох хар малгайт лори байсан нь тогтоогдоод байна. Амьтдын эрхийг хамгаалах байгууллагаас мэдэгдэхдээ “энэ бол маш ноцтой гэмт хэрэг. Тоть шувуу бол зэрлэг ан амьтдын хууль бусаар наймаалахыг хориглодог дархан цаазат амьтды нэг. Шувуудыг хууль бусаар хил нэвтрүүлэх ажиллагааг Индонез улс удирдаж байж магадгүй юм. Цаашил илүү олон амьтдыг хамгаалахын тулд бодитой хуулийн хэрэгжилт шаардлагатай байна” хэмээн  мэдэгдээд байна.

Энэ нь хуванцар саванд нуусан шувууг илрүүлсэн анхны тохиолдол биш бөгөөд Индонезийн цагдаа нар 2015 онд устаж үгүй болох аюулд ороод байсан “шар сүлдтэй кокоту” хэмээх 21 шувууг хууль бусаар шилжүүлэх гэж байсан этгээдийг баривчилж байжээ.  Мөн 2017 онд Индонезийн эрх баригчид ус зайлуулах хоолой руу шахагдсан 125 ширхэг ховор төрлийн шувууг олж байсан аж.