Япончууд дижитал иен гаргана

Япончууд дижитал иен гаргана

Японы Төв Банкнаас саяхан дижитал иен гаргах туршилтаа эхлүүлснээ зарлажээ. Дижитал мөнгөн тэмдэгт зах зээлд нэвтэрснээр бэлэн мөнгө ашиглалт эрс буурах юм.  Японд олон тооны платформууд байдаг боловч тэдгээрийн аль нь ч төлбөр төлөх зориулалтаар ашиглагддаггүй байна.  Тиймээс технологийн давуу байдлаа ашиглан, дижитал иен нэвтрүүлэх туршилтаа эхлүүлжээ. Дижитал мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлэн туршихын тулд тусгай цахим систем бүтээж байгаа аж. Гэхдээ гүйлгээнд нэвтрүүлэхийн өмнө хэд хэдэн удаа туршиж, бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай гэдгийг албаныхан онцолжээ.

Туршилтын эцсийн шатанд дижитал мөнгөний аюулгүй, найдвартай байдал зэргийг хэрэглэгчид, хувийн бизнес эрхлэгчдийг оролцуулан шалгах гэнэ.

Үүнийг даган Японы 30 гаруй томоохон компаниуд нэгдэн дижитал валют ашиглах туршилтаа ирэх жилээс эхлүүлнэ хэмээн мэдэгджээ. Туршилтад дижитал валют гаргах ажлыг арилжааны банкууд хариуцах бөгөөд бусад байгууллагууд дижитал иен гаргахыг мөн зорьж байгаа аж. Нөгөө талаар дижитал мөнгөн тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлж чадвал бэлэн мөнгийг дагасан олон эрсдлийг арилгах давуу талтай юм. 

Япон улс бэлэн мөнгө ашиглалтаараа дээгүүрт жагсдаг. Тус улсын зах зээлд карт болон бусад хэлбэрээр төлбөр төлөлт нийт төлбөр тооцооны ердөө 20 хувийг эзэлдэг байна. Харин АНУ-д бэлэн бус гүйлгээний ашиглалт нийт төлбөр тооцооны 45 хувийг Хятадад 70 хувийг тус тус эзэлдэг.

Эх сурвалж: Reuters